
Маргааш буюу аравдугаар сарын 1-нийг Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ахмадын баяр болгон тэмдэглэдэг. Ахмадууд ирэх сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Харин Ерөнхий сайд ахмадуудад шилний цаанаас чихэр долоолгоод өнгөрөв үү?
Ерөнхий сайд арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ гэсэн амлалт өгч байв. Үүний тулд 2026 оны төсвийн тодотголыг батлах шаардлагатай. Төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-ноос 14-нд хуралдсан.
Чуулганаар төсвийн тодотголыг 82.4 хувийн саналаар дэмжиж, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Гэвч есдүгээр сарын 15-наас эхэлсэн намрын ээлжит чуулган хоёр ч удаа гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлов.
УИХ-ын дарга С.Бямбацогт: “Одоо нэг долоо хоногийн хугацаа алдахад төсвийн тодотголыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжгүй болно. УИХ-ын гишүүд хуралдаа сууж, асуудал байвал хуралдааны танхимдаа ярилцаж хэлэлцэх хэрэгтэй байна” гэлээ.
