Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.09.30 15:04
375
Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй “Тэнэгэр уулс” ХХК-д хэн зөвшөөрөл олгов

ХУД-ийн 23-р хороо Арцатын ам буюу Богдхан уулын хамгийн сүүлийн онгон дагшнаараа үлдсэн хэсэгт “Тэнэгэр уулс” ХХК компани барилгын ажил эхлүүлжээ. Тодруулбал, Тэнэгэр уулс ХХК-ийн захиалгаар “Нумт гүрэн” аялал жуулчлалын цогцолбор барихаар барилгын ажлыг эхлүүлсэн аж.

Тус хэсэгт нэн ховор амьтан бууж ирдэг бөгөөд гол урсдаг голын голдиролтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Гэвч тус компани барилгын ажил эхлүүлж голын голдирлыг ухаж, тус хэсэгт нутагшсан 8 тарвагыг сэлгэн суурьшуулсан байна. Энэ бүсэд Улаанбаатар хотын иргэд ихээр ирж алхаж, агааралдаг сүүлийн ам юм.

Харин 2 хоногийн өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан. Гэвч өчигдөр манай сайтын сурвалжлах баг очиж ажиллахад үйл ажиллагаагаа зогсоогоогүй, үргэлжлүүлэн газар ухаж байсан юм.

Тиймээс тус асуудлын талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогтбадралаас утсаар тодруулахад барилгын ажил үргэлжилж байгаа талаар тэрээр мэдээгүй байлаа. Мөн үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл хүргүүлсэн, наад компани чинь үгэнд орохгүй байна гэх хариултыг өгсөн юм.

Харин тус асуудлын талаар оршин суугчдаас тодруулахад, ХУД-ийн Улаанбаатар иргэдийн агаарлаж, алхдаг байгалийн онгон дагшин газар. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн барилгын ажил эхэлсэн. Захиалагч нь Тэнэгэр уулс компани. Гүйцэтгэх захирал нь н.Нямхишиг гэж хүн байдаг. Иргэдийн зүгээс энэ асуудал дээр гомдол гаргаад нэгдсэн. Гэвч үнэхээр дийлэхгүй байгаа. Тус компани бичиг цаас бүх юмаа дээгүүрээ яриад авчихсан гэсэн. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нь яагаад энд газар олгосон. Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлээс барилга барих зөвшөөрлийг нь яагаад олгосон юм.

Одоо ингээд иргэд алхах талбайгүй болчихлоо. Шууд модондоо тулгаад барилга барьж байгаа. Энд тарвага ил гүйлддэг байсан. Эд нар шилжүүлсэн гэж ярьж байгаа ч барилгын ажлын чимээ шуугианаар тарваганууд өөрсдөө дайжсан байх. Энд голын голдиролтой байсан. Гэтэл голын голдиролын хэсгээр ухаад гороо овоолчихсон. Улсын хамгаалалтын энэ бүсийг онгон дагшнаар нь нийтийн эзэмшлээр нь авч үлдээсэй гэж хүсэж байна. Барилгын ажлыг нь зогсоох шийд гарсан. Цагдаа шүүхийн хүмүүс ирсэн ч дийлэхгүй байна. Яагаад хуулийн дээгүүр байдаг юм.

Оршин суугч: Барилга барьж байгаа компани Залаатын аманд эзэмшиж байсан газраа цуцлуулаад, энд шилжүүлсэн. Энэ асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Э.Цогбадрал та албан ёсоор тайлбар өгөөч. Яагаад энд ажил нь явагдаад байна. Таны тушаал шийдвэр яагаад хэрэгжихгүй байна. Ц.Сандаг-Очир сайд энэ асуудлын хаагуур яваад байна. Таны чихэнд хүрч л байгаа байх гэж бодож байгаа. Энэ мэт асуудлууд Арцатын аманд хэд хэдэн удаа болсон. Иргэдийн зүгээс албан бичгээр болон тантай олон удаа биечлэн уулзаж байсан. Гэвч бидэнд ямар ч хариулт өгөөгүй. Үүний цаана маш том авлигал явагдаж байна гэж иргэд хардаж байна.

Газар дээр ажлаа хийгээд дараа нь бичиг баримтаа бүрдүүлдэг зарчим ерөөсөө арилахгүй байна. Богдхан уулын амнаас ядаж ганц амыг л иргэддээ үлдээгээд өгөөч. Бидний өгсөн албан бичиг ч хаана ямар шатандаа явж байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Шат шатандаа авлига, луйвар байна. Одоо үүнийг л олж илрүүлэх шаардлагатай байна.

"Тэнэгэр уулс" ХХК-д зөвшөөрөл олгосон шат шатны дарга нар хэн байсныг доорхи зурагнаас харна уу.