Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2026.09.30 15:31
222
УОК өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

Улсын онцгой комиссын 2026 оны II хуралдаанаар өнөөдөр (2026.09.29)  эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, өнөөдрийн байдлаар шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.

Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр бодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг Шадар сайд дурдлаа.

Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.

Мөн шүлхий өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Үүнд: Баян-Өлгий аймагт 2,764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.756 тэрбум төгрөг, Ховд аймагт 1,391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.989 тэрбум төгрөг, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон талаар мэдээлэв.

Ийнхүү Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах,

-Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,  

-Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,

-2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,

-Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,

-Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,

-Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,

-Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө.