

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Ерөнхий санал шүүмжлэл 2026 оны есдүгээр сарын 22-28-нд Нью-Йорк хотноо болсон. Энэ жилийн чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлэх нь: Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулагдсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд зургаа дахь удаагаа буюу бүрэн эрхийнхээ хүрээнд сүүлийн удаа оролцов.
Монгол улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүн орноор элсэн орсноос хойш 65 жилийн ой тохиож байна.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2048–2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нийт 15 гишүүн оронтой. Үүний 5 нь байнгын гишүүн орон бол үлдсэн 10 нь байнгын бус гишүүн орон байдаг.
Аюулгүйн зөвлөл энх тайван, аюулгүй байдлыг хангах, дайн байлдаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. “Манай улс энхийг сахиулах ажиллагаанд зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг илгээгээд 20 гаруй жил болж байна. Хэрвээ сонгогдож чадвал энх тайван аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улс оролцож ажиллана. Нөгөө талаасаа дипломат албаны хувьд маш том амжилт” гэдгийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэллээ.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 81-р чуулганы 15 орлогч даргын нэгээр ажилласан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын индэр дээрээс үг хэлэх үед хурлыг даргалсан нь онцгой давхцал болов.
Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээрээс илэрхийлсээр ирсэн байр суурийг тоймловол:
-2021 онд "Даян дэлхийн амар амгалан"-г цогцлоох, улс орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
-2022 онд Хүн төрөлхтний өмнө тулгараад буй геополитикийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг олон тулгуурт асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө танилцуулж байв. Мөн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын КОП17 хурлыг зохион байгуулахаа мэдэгдсэн.
-2023 онд Геостратеги, геополитикийн сөргөлдөөн, дэлхий дахины сорилтуудыг даван туулахад итгэлцлийг сэргээж, улс орнуудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхийг уриалав.
-2024 онд Олон улсын асуудлыг хүчээр бус харилцан ойлголцол, итгэлцэл, яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриалсан.
-2025 онд Олон улсын энх тайван, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, “Дэлхийн адууны өдөр”-ийн талаар мэдээлэл өглөө.
-2026 онд Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа.
193 орны төрийн тэргүүн байр сууриа илэрхийлдэг дэлхийн тайз гэж хэлж болох НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч Хүрэлсүх өнгөрсөн 6 жилийн хугацаанд манай улс бол тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс гэдгийг үргэлж сануулж, улс эх орныхоо эрх ашгийг хамгаалсан маш “тодорхой” байр суурийг илэрхийлж, ногоон хөгжил, эв найрамдалд уриалсаар иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Люксембургийн Их Гүн, Хаити Улсын Ерөнхий сайдтай уулзав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш байнгын бус гишүүн оронд нэрээ дэвшүүлснийг сайшаан хүлээн авч байгаагаа мэдэгдэж, КОП17 хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа Чикаго хотод амьдардаг иргэдтэй уулзаж, эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байсан нь үр дүнгээ өгч байгааг иргэд ярилаа.


Тойм үзэх:
