
Өнөөдөр Украины албаныхны мэдээлснээр, ОХУ-ын нисгэгчгүй онгоц болон пуужингийн халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, эрчим хүчний дэд бүтцэд хохирол учирч, нийслэл хот утаанд автсан байна.
Шөнийн турш үргэлжилсэн цохилтын үеэр Украины нийслэл болон хотын хойд захад орших нэгэн сууринд хоёр эмэгтэй, 14 настай хүүхэд амиа алджээ. Мөн лхагва гарагт Киев хотын нэгэн агуулахад халдлага болсны улмаас өөр нэг хүн амиа алдсан гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдэв.
Өнгөрсөн өвөл ОХУ-ын цохилтын улмаас Украины зарим хот хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногоор цахилгаан, дулаангүй болсон. Тиймээс Украин энэ өвөл эрчим хүч, дулааны байгууламжууд руу чиглэсэн шинэ цохилт үргэлжилнэ гэж үзэж байна.
ОХУ шөнийн цагаар томоохон хэмжээний цохилт өгснөө мэдэгдэж, энэ үеэр Украины зэвсэгт хүчинд үйлчилдэг Киев дэх дата төв, Киев мужийн хэд хэдэн цахилгаан станц, Одесса муж дахь аж үйлдвэрийн цогцолбор болон Измаил хотын боомтын дэд бүтцийг цохилтод оруулсан гэжээ.
Эх сурвалж: Reuters
