А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
118
Баянхонгор аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын тариалалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймаг “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний намрын тариалалтыг эхлүүллээ.

Намрын мод тарилтыг эхлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонордуулан, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаярт гардууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Э.Ганзориг, АЗДТГ-ын БОНХОБТХ-ийн дарга Г.Энхбаяр нарын холбогдох удирдлагууд оролцов. Энэ жилийн намрын тариалалтаар Баянхонгор сумын хэмжээнд 5000 мод тариалах юм.

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, үр дүнд хүргэж ажиллахыг хүслээ.

Баянхонгор аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 20 сая мод тарих зорилт хүлээсэн. Орон нутгийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 744 мянга гаруй мод ургуулсан бөгөөд нийт зорилтын хэрэгжилт 3.7 орчим хувьтай байна.

Уулзалтын үеэр орон нутгийн мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн хувьд мод тарих, ургуулах ажил бусад бүс нутгаас илүү онцлог нөхцөлтэй байгааг онцолж байлаа.

Тодруулбал, эхний жилүүдэд зүүн бүсийн аймгуудаас тарьц, суулгац авчран тарьсан ч Баянхонгорын хөрс, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвар хангалтгүй байжээ. Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд орон нутгийн хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицсон тарьц, суулгацыг сонгон үржүүлж, тарих чиглэлд илүү анхаарч эхэлсэн байна.

Мөн мод тарих ажлыг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжих нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Учир нь мод тарихаас гадна тарилтын дараах усалгаа, тогтмол арчилгаа, хамгаалалт, хөрс болон усны эх үүсвэрийн зөв төлөвлөлт нь модны амьдрах чадварт шууд нөлөөлдөг.

Зарим сумдын хэмжээнд мод тарих ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн төлөвлөлттэй уялдуулах шаардлага байгааг ч уулзалтын үеэр хөндсөн юм. Ялангуяа модыг тарьсныхаа дараа усалгаа, арчилгаа, хамгаалалтыг орхигдуулах нь ургалтын хувь буурах гол шалтгааны нэг болж байгааг салбарынхан онцолж байна.

Баянхонгор аймгийн хувьд энэ асуудал бүр ч онцгой ач холбогдолтой. Учир нь аймгийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.

Уур амьсгалын дулаарал, ган хуурайшилт, хур тунадасны багасалт зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн даац хэтрэлт, малын тооны өсөлт, уул уурхай болон хүний бусад үйл ажиллагааны нөлөөллөөр газрын доройтол нэмэгдэж буйг мэргэжилтнүүд тайлбарлав.

Ялангуяа хээр, хуурай хээр, говийн бүсийн шилжилтийн хэсгүүдэд салхи, хуурайшлын нөлөөгөөр хөрсний гадаргуу элсжих, нуур болон ул хөрсний ус татарч ширгэх, улмаар хөрс давсжих үзэгдэл нэмэгдэж байгаа аж.

Цаашид томоохон уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагаатай уялдуулан говийн бүсэд 1-3 сая хүртэлх мод тарих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангахад анхаарч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.

Мөн Баянхонгор аймаг “Ногоон Баянхонгор – Ойжуулалтын хөтөлбөр”-ийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд аймгийн 20 сумын нутаг дэвсгэрт нийт 87 сая мод тарихаар төлөвлөжээ. Үүний 66 саяыг говь, тал хээрийн бүсэд тарих зорилт тавьсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2021 оноос 2026 оны хаврын улирал хүртэл Баянхонгор аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 28 мянга гаруй иргэн, 1300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 4800 гаруй айл өрх мод тарих ажилд оролцжээ.

Энэ хугацаанд 588.6 га талбайд 20 гаруй төрлийн нийт 827 мянга гаруй мод, сөөг тарьж, тарьсан модны ургалтын дундаж үзүүлэлт 62.9 хувьтай байгаа талаар орон нутгаас танилцууллаа.

Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын мод тарилтыг эхлүүлсэн Баянхонгор аймаг цаашид тарьсан мод бүрээ амьдруулж, нутагшуулан ургуулах, арчилгаа хамгаалалтыг тогтолцоотой болгоход илүү анхаарч ажиллахаар зорьж байна.