

Хүний мэдээ орох цагаас л Монголчууд бид шаг, талоны бараанд оочирлодог байсан бол өдгөө ч хэвээр байгаа нь хамгийн том эмгэнэл гэлтэй. Шатахууны хомсдол тасалдлаас үүдэн шагийн шатахуун, талоны борлуулалт газар аваад байна.
Тодруулбал, Савтай шатахуун хүргэлттэй гэсэн хэд хэдэн зарын дагуу утас цохив. Евро-92 1 литр нь 8 мянган төгрөг, гэхдээ 30хан литр байгаа учир зориулалтын савтай нь нийлүүлээд 300 мянган төгрөгт худалдана гэв. Харин энгийн 92 шатахууны шагийн 1 литрийн үнэ 7 мянган төгрөг. Нэмээд бүгд хүргэлттэй. Мөн нэмэгдэл үнэтэй талон ч худалдаж эхэлжээ.
Шатахуунаа хаанаас авсан бэ гэх асуултад шатахуун түгээх станцаас авсан гэж хариулж буй нь бүр ч сонин. Учир нь шатахуун түгээх станцууд саванд шатахуун олгохоо болиод удаж буй.
Шөнөжин, өдөржин машинтайгаа оочирлоод ч шатахуун авч чадахгүй байхад ШТС-аас авсан гэгдэх шатахууныг шаглаж байгаа нь бүр ч сонин. Шатахуун түгээх станцад байхгүй шатахуун хэрхэн шагийн хүмүүсийн гарт оров. Шатахуун түгээгч нар өөрсдөө дамлан зарж байх гэх хардлага ч иргэдийн дунд гараад байна.
Манай улс газрын тосны асар их нөөцтэй ч шатахууны дотооддоо үйлдвэрлэх үйлдвэргүй. Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барихаар болсон ч барилгын ажил нь царцсан. Шатахууны нөөц бүрдүүлэх агуулах савгүй. Тиймээс их хэмжээгээр нь авах боломжгүй. Тиймээс өнөө маргаашаа арай ядан аргацаасаар өнөөдрийг хүрсэн. Гэвч шатахууны хомсдол дахин үүсэж өнөөдөр иргэд талбай дээр жагсаж эхэллээ. Энэ бүхний буруутан нь зөвхөн өнөөгийн Засгийн газрын буруу бус үе үеийн Засгийн газрын балаг.
Хэзээ бид шаг, талоны бараанд оочирлохоо болих вэ? Магадгүй тэр үед л ирээдүйн мөрөөдлөө ярих хэрэгтэй биз ээ.
Видео мэдээ үзэх:
