

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас Ерөнхий хяналтын сонсголыг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Хөдөө аж ахуйн зээлийн асуудлаар Ж.Батжаргал дараах тайлбарыг хэллээ.Ж.Батжаргал:
"Хүнсний хувьсгал", “Цагаан алт” хөтөлбөрүүд нь дотоодын хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангах, хөгжлийг дэмжих томоохон зорилтын хүрээнд хэрэгжсэн. Энэ хүрээнд стратегийн бүтээгдэхүүнүүдэд урамшуулал олгож, хүний гараар хийгддэг ажлуудыг техник, технологийн шийдлээр хөнгөвчилсөн. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан.
Хөдөө аж ахуйн салбарын анхдагч бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд бид өмнө нь дутагдалтай байсан. Тиймээс энэ чиглэлд анхаарч, 50 гаруй шинэ үйлдвэр байгуулагдаж, 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж чадсан. Хэдий чинээ сайн боловсруулалт хийж чадна, төдий чинээ тухайн бүтээгдэхүүний үнэ цэнэ өснө. Ингэж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө. Үүний хэрээр улсын үйлдвэрлэл нэмэгдэнэ.
Бид КОВИД-19-ийн үеэр ямар нөхцөл байдалд байлаа, яг тэр нөхцөл байдалд тулгуурлан эдгээр ажлыг хэрэгжүүлсэн. Өмчлөгч нь хэн байхаас үл хамааран юм хийж, бүтээж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Мэдээж алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Төр бодлогоо тодорхойлж, дэмжлэгээ үзүүлсэн бол банк санхүүгийн байгууллагууд санхүүжилтийн үйл ажиллагааг хариуцаж, хэрэгжүүлсэн.
Хулгай, зэлгийн тухай яриад байгаа зүйлд ул суурьтай хандах хэрэгтэй. “Зээл ахиу олгогдсон аймгууд” гэж ярьж байна. Гэтэл тухайн бүс нутгуудад сүү, ургацын гол хангамж байдаг учраас тэр аймгуудад санхүүжилт илүү олгогдсон байх нөхцөлтэй.
