Улс төр
2026.10.01 16:13
252
Б.Баярбаатар: Монголчууд эв нэгдлээ хадгалахгүй бол бусдын хоол болно

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар шатахууны хомсдолтой холбоотой иргэдийн бухимдал, жагсаал болон 126 гишүүнтэй парламентын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр бензин байхгүй учраас алхаад явж байна. Цаашдаа ийм нөхцөл байдал үүсэхгүй байх аргагүй. Өнөөдөр иргэд бухимдаж байгаа нь зөв. Бид эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой байсан, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анализ хийх хэрэгтэй. Бусдад буруугаа чихэж болно. Орос, Украины дайн гэх мэт эрсдэлүүд байсан. Гэхдээ эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой байсан. Энэ алдаагаа дахин давтаж болохгүй.

Монгол Улс байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөн улс. Монгол хүн Монгол хүнээ хайрлаж байж энэ бүхнийг даван туулах хэрэгтэй. Хоосон байж болно, бензингүй байж болно. Гэхдээ үүн дээр дөрөөлж үндэсний эв нэгдэл устаж, бусдын хоол болж болохгүй. Монгол Улсдаа эзэн байж, ард иргэдийн эв нэгдлийг хангах хэрэгтэй. Жагсаал хийж болно. Гэхдээ шийдэл нь хаана байгаа юм бэ? Жагсаал хийгээд улс төржилт явагдаж, асуудал хүндрээд ирвэл иргэд яах вэ? Энэ бол Монгол Улсын хүн амд хэрэггүй.

Түүнчлэн УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөж, “Дэлхийд ийм зүйл тохиолдож, бензин шатахуунгүй болж байна. Улс төржилт, талцал хуваагдлыг хойш тавих хэрэгтэй. Улсын Их Хурал тараад яах вэ? Дахин төсвийн мөнгөөр сонгууль хийнэ. Харин парламент яаж цэвэр, нээлттэй байх вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Б.Баярбаатарын хэлснээр парламент гурван үндсэн үүрэгтэй. Үүнд ард түмнийг төлөөлөх, хууль боловсруулах, хяналт тавих үүрэг багтдаг. Бизнесийн бүлэглэлийн төлөөллүүд олноороо орж ирэхээр бизнесийн бүлэглэлийг төлөөлдөг. Бизнесийн бүлэглэлийг хамгаалсан хууль батлагддаг.

Харин 126 гишүүнтэй болсноороо хяналт тавьж чадаж байна. Олон хэргийг илрүүлж, сонсгол хийж байна. Нууц хөшигний ард байсан зүйлийг ил болгож байна. Парламент бол ард түмнийг төлөөлдөг. Улс төрийн намд илүү их хандив өгсөн хүмүүс нэр дэвшиж, сонгогдож байна уу, эсвэл жинхэнэ бэлтгэгдсэн төрийн түшээ болоход бэлтгэгдсэн улстөрчид нэр дэвшиж байна уу гэдэг зааг ялгааг ухаарах ёстой гэв.