Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
3 цагийн дараа
159
М.Мандхай: Сонсголоор бид хэн нэгэн албан тушаалтан, ААН-ыг харлуулахыг зориогүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон зээл, урамшуулал, үр дүнг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандухайтай ярилцлаа.

- Ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр үргэлжлэх байсан ч ирц хүрсэнгүй. Эхний өдөр ямар мэдээллүүд тодорхой болов? 

Хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд төсвөөс нийтдээ бараг 6 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Энэ санхүүжилт дотроо олон ялгаатай хэлбэртэй байдаг. Дэмжлэг гэхээр нэг ойлголт, урамшуулал гэхээр бас өөр, зээлийн хүүгийн татаас гэдэг нь тусдаа зүйл байдаг. Иргэдийн мэдэх эрхийн хүрээнд эдгээрийг ялгаж салгаж ойлгуулах нь чухал юм.

Бид нийтдээ энэ салбарын 6 их наяд төгрөгийн асуудлыг хөндлөө.

Сүүлийн 18 жилийн хугацаанд олгосон зээл, урамшууллын талаар холбогдох байгууллагуудаас ирүүлэх ёстой байсан нийт мэдээллийн дөнгөж 40 орчим хувь нь л манай шинжээчдэд ирсэн. Үлдсэн 60 хувийнх нь мэдээллийг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, бид мөсөн уулын дөнгөж орой буюу гуравны нэгийг л мэдэж авч, тэр хүрээнд 6 их наядын асуудлыг хөндөж байна гэсэн үг. Цаана нь үлдсэн 60 хувь буюу гуравны хоёрын мэдээлэл нь нууц хэвээр байгаа тул үүний ард дахиад л асар их хэмжээний мөнгөн дүн яригдана.

Бид сүүлийн 18 жилийн хугацаанд энэ салбарт юу болоод өнгөрсөн, улсын төсвөөс татвар төлөгчдийн хэчнээн хэмжээний мөнгийг ямар хэлбэрээр зарцуулсан, үүнд хэчнээн аж ахуйн нэгж, иргэд, малчид, тариаланчид хамрагдсан, эцэст нь ямар бодит үр дүн гарсан бэ гэдгийг нэг харах цаг болсон. Тийм ч учраас энэхүү ерөнхий хяналтын сонсголоор анх удаа салбарын асуудлыг том зургаар нь хөндөж ярилаа. Ямар ч байсан ард түмэнд тодорхой хэмжээний мэдээллийг өгч чадсан сонсгол болсон гэж үзэж байгаа.

Сонсголыг бүрэн хийх ёстой байсан боловч харамсалтай нь тэгж чадсангүй. Есдүгээр сарын 28-ны өдөр хийсэн эхний сонсголоор төрийн дэмжлэг буюу үр тариа, мал аж ахуй, техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлт, бордоо зэрэг 10 гаруй төрлийн дэмжлэгийн асуудлыг авч хэлэлцсэн. Үүний цаана урамшуулал гэдэг тусдаа зүйл бий. Ноос, ноолуур, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай гэх мэт хөдөө аж ахуйн бүхий л чиглэлд урамшуулал олгодог. Эхний өдөр бид төрийн дэмжлэг, урамшууллын тоо баримтуудыг дэлгэж харуулсан бол есдүгээр сарын 29-нд нийт санхүүжилтийн дийлэнх буюу гуравны хоёрыг эзлэх зарцуулалт, үр дүнгийн асуудлыг ярих байсан ч гишүүдийн ирц хүрээгүй. Хуулийн дагуу ирц хүрээгүй тул сонсгол цааш үргэлжлэх боломжгүй болсон.

Энэ бол чамлалттай хэрэг. Гэхдээ ингээд зогсож болохгүй. Иргэдээс маш их санал гомдол ирж байна. "Маш чухал асуудлыг зоригтой гаргаж ирлээ, үүнийг заавал үргэлжлүүлэх хэрэгтэй, бид мэдмээр байна. Өнөөдөр хүнсний барааны үнэ өсөж, хүнс тансаг хэрэглээ болтлоо нэмэгдсэнд бухимдалтай байна. Тэр их мөнгө, санхүүжилтийг авсан аж ахуйн нэгж, иргэд юу хийсэн, ямар үр дүн гарсныг хармаар байна" гэж байна.

Уг нь энэ их мөнгийг зарцуулсны үр дүнд дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ тогтворжих ёстой байсан. Хамгийн гол нь төрийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа тэр зорилтот бүлэг рүүгээ буюу жижиг, дунд бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдад зориулагдсан хөрөнгө эзэндээ хүрсэн үү, үгүй юү гэдгийг ил болгох ёстой. Бодит байдал дээр нөгөө л томоохон аж ахуйн нэгж, групп компаниуд дэмжлэг, зээл, урамшууллыг нь аваад байдаг. Гэтэл тэд үнэхээр үр дүнтэй ажилласан уу? Газар, барилга байгууламжид асар их мөнгө оруулсан хэрнээ бодитой хураан авсан ургацын хэмжээ, үйлдвэрлэлийн гарц, улсад төлсөн татвар, ажлын байр нэмэгдсэн үү гэхээр үр дүн ерөөсөө харагдахгүй байна.

Энэ сонсголоор бид хэн нэгэн албан тушаалтан, аж ахуйн нэгжийг харлуулахыг зориогүй. Эцсийн зорилго бол "Төсвөөс 6 их наяд төгрөг зарцуулсан байна, харин үр дүн нь хаана байна вэ?" гэдгийг тогтоох явдал. Мэдээллийг нуух тусам нийгэмд хардлага улам нэмэгдэнэ. ХХААХҮЯ-нд бүх мэдээлэл нэгдсэн системд бүртгэлтэй, архивлагдсан байх ёстой атал мэдээлэл нь байхгүй, маш олон зөрүүтэй тайлбар өгч, шинжээчдийн ажилд хязгаарлагдмал хандсан. Иймээс Сангийн яам, Үндэсний аудитын газрын тухайн үеийн тайлангуудыг тулган харж байгаа юм.

Нэг жишээ хэлэхэд, Үндэсний аудитын газраас 2017-2025 оны хооронд ХАА-н салбарын санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар нийт 2.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

Үүнийг задалж үзвэл:

- Авлага, найдваргүй зээлийн үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулдаггүй,

- Авлагыг бууруулах арга хэмжээ авдаггүй,

- Зээлдэгчийн мэдээллийг бүрэн хөтлөөгүй гэсэн ноцтой зөрчлүүд байна.

Зээлдэгчийн мэдээллийг хөтлөөгүй гэдэг нь хэнд зээл өгсөн нь тодорхойгүй, баримтгүй болгосон гэсэн үг. Шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгөгүй этгээдэд хууль журмын бус сонгон шалгаруулалтаар зээл олгосон маш ноцтой зөрчлийн дүн нь 2.3 их наяд төгрөгт хүрч байна. Гэтэл энэ мэдээллийг яамнаас бидэнд гаргаж өгч чадахгүй байгаа юм.

Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулж байж энэ асуудлыг гаргаж ирнэ. Тухайн үед шийдвэр гаргаж, гарын үсэг зурж байсан удирдлагууд, сайд нар яагаад ийм шийдвэр гаргасныг хөндөх ёстой. Аудитаас жил ирэх тусам хязгаарлалттай, зөрчилтэй, муу дүгнэлт өгөөд байхад зөрчлөө ерөөсөө арилгадаггүй. Тухайлбал, Хөдөө аж ахуйн корпорац, ЖДҮ-ийн газар байна.

Зөвхөн Хөдөө аж ахуйн корпорац дээр л гэхэд 2019-2025 оны хооронд 630 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Авлага, өглөг нь баталгааждаггүй, чанаргүй зээл болоод мөнгийг буцаан авах боломжгүй нөхцөл рүү орсон.

Төрөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс гурван төгрөг тус байгууллагад оруулахад нэг төгрөг нь авлага болоод царцаж байсан бол сүүлдээ хоёр төгрөг нь авлага болон хуримтлагддаг болсон. Жишээ нь, малчид, тариаланчдад хүүгүй зээл хэлбэрээр дэмжлэг болгож 300 сая төгрөг өгөхөд эргээд 200 сая төгрөг нь авлага болоод үлдчихдэг. Тэр авлага төлөгдөж байж дараагийн тариаланчдад эргэлтийн хөрөнгө болох ёстой атал буцаж төлөгддөггүй. Ингээд алдагдалтай яваад байна гэдэг шалтгаанаар өнөөдөр төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах тухай хүртэл ярьж эхэллээ. Алдаа завхралыг нь засаж, асуудлыг нь ил гаргахын оронд шууд хувьчилна гэдэг нь цаана нь байгаа хулгай, зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг хувьчлал нэрээр баллаж хаях эрсдэлтэй.

Өнөөдөр "шилэн" гээд байгаа shilen.gov.mn дээрээс харахад маш ойлгомжгүй байдаг. Уг нь 2025 онд зарласан дэмжлэгт ямар шаардлага тавьсан, хэдэн иргэн, ААН хамрагдсан, ямар компани шалгараад хэчнээн төгрөг авсан нь бүгд нээлттэй байх ёстой. Энгийн малчин, тариаланч гар утсаараа ороод харчихдаг, шалгаад материалаа бүрдүүлээд өгчихдөг тийм л түвшинд хүрэх ёстой. Хяналтын систем сайн байж, шалгах үүрэгтэй байгууллагууд ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй байна. Сүүлийн 15 жил энэ алдаа огт засагдсангүй.

Эдийн засгийг солонгоруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн салбар гэж төсвийг нь нэмэгдүүлээд байхад гурван төгрөг тутмын нэг нь үр ашиггүй алга болж байвал маш том эрсдэл.

Тоо баримтаас харахад сүүлийн 15 жилд энэ салбарын ажиллах хүч 31 мянгаар буурсан, бүтээмж хоёр дахин багассан, импортын хамаарал 2010 оноос хойш 5.6 дахин өссөн байна. Импортын хамаарал нэмэгдэхийн хэрээр хүнсний үнэ өсөж байна. Нэг мэдэхэд л Венесуэл шиг хүнсээ авч чадахгүй, инфляцдаа идэгдэн ядууралд хүрэх аюул ойрхон байна. БОХХАА-н Байнгын хорооны даргын хувьд энэ салбарт шинэчлэл авчрахын төлөө, хяналтын системийг сайжруулахын төлөө дуу хоолойгоо өргөнө. Төсөв батлахдаа ч няхуур ханддаг болох ёстой.

- Сонсголын эхний өдөр гэхэд хүссэн мэдээллийн 63 хувийг яамнаас ирүүлээгүй, тэр дунд 396 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна гэсэн шүү дээ. Ирүүлээгүй байгаа тэр 63 хувийн мэдээлэл цаанаа ихээхэн асуудал дагуулж байгаа тул Хянан шалгах түр хороо байгуулахаар зорьж байна гэж ойлгож болох уу?

- Тийм ээ, зөв. Мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нь өөрөө ноцтой асуудал. Зарим албан тушаалтнууд "18 жилийн хугацаа гэдэг урт хугацаа, мэдээлэл гаргахад хүндрэлтэй байна" гэж тайлбарлаж байна лээ. Үүнийг би зүгээр л шалтаг гэж харж байгаа. Бид бүр дөрөвдүгээр сард албан тоот хүргүүлсэн. Бүхэл бүтэн 4-5 сарын хугацаа өгсөн. Мэдээлэл архивлагдсан, нэгдсэн бүртгэлтэй байх ёстой шүү дээ. Бид бэлэн хүснэгт, загварыг нь хүртэл бэлдэж өгөөд энэ дагуу оруул гэхэд өөдөөс огт өөр мэдээлэл өгсөн. Бүр зургаан хайрцаг мэдээлэл ирүүлсний дотор хуучин ном, сонин, сэтгүүл хийгээд явуулчихсан тохиолдол ч гарлаа. Энэ нь нэг талаар парламент болон ард түмнийг доромжилж байгаа хэрэг, нөгөө талаар энэ мэдээлэл ер нь байгаа юм уу гэж хардахад хүргэж байна.

Тиймээс үүнийг орхиж болохгүй, заавал ил тод болгоно. Хянан шалгах түр хороогоор ямар аж ахуйн нэгжүүд зээл, дэмжлэг авсан, тухайн үед ямар сайд дарга нар гарын үсэг зурж тушаал шийдвэр гаргасныг илчилнэ. Иймээс энэ намрын чуулганд багтаан Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг батлуулахын төлөө ажиллаж байна.

- Сонсголын эхний өдөр маш олон малчид, тариаланчид ирж байр сууриа илэрхийлсэн. Тэд "Ийм их дэмжлэг олгогддог байсныг мэдээгүй, бидэнд ерөөсөө хүрдэггүй, байгаа онохгүй байна" гэж байсан. Баримтаас харахад нэг компани 6 удаа шалгарсан, нэг компани 19 удаа дэмжлэг авсан гэх мэт тоо гарсан шүү дээ. Танд малчид, тариаланчдаас яг ямар хүсэлт, санал түлхүү ирж байна вэ?

Иргэд "Бид энэ их мөнгө эргэлдэж байсныг огт мэдээгүй юм байна, энэ олон боломжийн хажуугаар өнгөрчээ" гэж халаглаж байна. Жижиг тариаланч талбайгаа томсгох, үр бордоогоо авахын тулд арилжааны банканд хандахаар барьцаа хөрөнгөгүйн улмаас 20 гаруй хувийн хүүтэй бизнесийн зээл авч чаддаггүй. Төр уг нь тэр барьцаа хөрөнгөгүй, банкны өндөр хүүтэй зээл авч чадахгүй байгаа хүмүүст л дэмжлэг, урамшуулал өгөх ёстой шүү дээ.

Түүнээс биш хангалттай барьцаа хөрөнгөтэй, гадаад дотоодоос санхүүжилт босгох чадвартай, хөл дээрээ хэдийнэ зогссон томоохон компаниудад энэ дэмжлэгийг олгоод байгаа нь шударга биш. Би том аж ахуйн нэгжүүдэд огт битгий өг гэж байгаа юм биш. Гэвч өнөөдөр нийт урамшууллын 80 хувь нь зөвхөн газар тариалан руу явж, түүн дотроо цөөн хэдэн томоохон компаниудад очоод байна. Гэтэл мөнчгөрөөрөө зүтгэж буй жижиг үйлдвэрлэгчид хоосон үлдэж байгаа нь тогтолцоо гажсаны илрэл. Мэдээлэл хаалттай байгаа учраас л тэд мэддэггүй. Тиймээс бид бүхнийг ил тод болгож, жинхэнэ зорилтот эздэд нь хүрдэг тэр тогтолцооны өөрчлөлтийг хийхийн тулд Хянан шалгах түр хороо байгуулахаар ажиллаж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: