

МУБИС-ийн 2024-2025 оны элсэгчид сургалтын төлбөр болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилттэй холбоотой тайван жагсаал зохион байгуулж байна. Оюутнуудын хэлж буйгаар, тэднийг МУБИС-д элсэх үед багш мэргэжлээр дөрвөн жилийн хугацаанд 2.7-оос дээш голч дүнтэй суралцаж, төгсөөд хөдөө орон нутагт гурван жил ажиллах нөхцөлтэйгөөр Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх гэрээ байгуулсан байна.
Гэвч суралцах хугацаанд боловсролын салбарын бодлого, холбогдох шийдвэрүүд хэд хэдэн удаа өөрчлөгдөж, багшийн зарим мэргэжил илүүдэлтэй болсон гэх үндэслэлээр сургалтын төлбөрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохгүй, зөвхөн эрэлттэй есөн мэргэжлийг санхүүжүүлэх болжээ. Иймд энэ хичээлийн жилээс МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн болон бусад хөтөлбөрийн зарим оюутан сургалтын төлбөрөө өөрсдөө төлж суралцаж байна.
Гэтэл өнгөрсөн хаврын улиралд сонгон судалсан хичээлүүдийн төлбөр МУБИС-д Боловсролын зээлийн сангаас шилжиж ирээгүй байна. Тиймээс сургуулийн зүгээс уг төлбөрийг энэ сард багтаан төлөхгүй бол ирэх хаврын улиралд хичээл сонгон судлах, суралцах боломжгүй болохыг оюутнуудад мэдэгдсэн байна. Оюутнуудын зүгээс “Тэтгэлэгт тэнцсэн, төлбөрт унасан”, “Бид өртэй биш, тэтгэлэгтэй”, анх тэтгэлэгтэйгээр суралцуулна гэж элсэлт авсан байж шийдвэрээсээ буцчихаад энэ жилийн төлбөр дээр нэмж өмнө жилийн төлбөр төлөх болсон нь оюутнуудад санхүүгийн дарамт үүсгэж байна.
Харин Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга н.Базардарь мэдээлэл өгөхдөө, төсөвт шаардлагатай санхүүжилт тусгагдаж, мөнгө орж ирээгүй учраас тухайн оюутнуудын төлбөрийг одоогоор шилжүүлээгүй. Холбогдох төсөв Боловсролын яамнаас орж ирвэл оюутнуудын сургалтын төлбөрийг шилжүүлэх боломжтой гэж тайлбарлалаа. Одоогийн байдлаар тус оны элсэгчдийн 2150 оюутны 1800 оюутны тэтгэлэг олгогдсон байгаа бол үлдсэн оюутнуудын тэтгэлгийн төсөв БЗС-д орж ирээгүй байна. Зөвхөн энэ оны элсэлт гэхгүйгээр нийтдээ 5 мянга гаруй оюутнуудын олгогдох ёстой тэтгэлэг хүлээгдэж байгаа гэдэг тайлбарыг БЗС-аас өглөө.
Боловсролын сайд Энх-Амгалан анх багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг 100 хувь даах шийдвэр гаргасан. Гэтэл нийгмийн ухаан болон биеийн тамирын багш нарын хэрэгцээ хангагдсан. Харин байгалийн ухаан, бага ангийн багшийн хомсдол байгаа учир төрөөс зарласан тэтгэлэг ямар хугацаанд эхэлж, дуусахыг зөв шийдэх хэрэгтэй. Төсвийн тоотголоо баталж чадвал 30 тэрбум оюутнуудын тэтгэлэг шийдэгдэнэ. Тасралтгүй үргэлжлээд байвал БЗС-д маш их ачаалал ирж байгаа. Өнөөдөр оюутнуудын асуудал байгаа юм байна. Гэхдээ эхлээд төсвийн тодотголоо батлах хэрэгтэй гэсэн тайлбарыг өглөө.
Ингэснээр анх байгуулсан гэрээний дагуу суралцсан боловч бодлогын өөрчлөлтийн улмаас сургалтын төлбөрөө өөрсдөө төлж эхэлсэн оюутнууд өмнөх улирлын төлбөрийн асуудлаас болж дахин санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байна.
