

Өчигдөрхөн Төв шуудангийн уулзварыг хааж, дуулиан дэгдээж байсан жагсаал өнөөдөр нам гүм болжээ. “Машинтай жагсаал” Аравдугаар сарын 1-ний өглөө 10:00 цагаас эхэлж, өдрийн 13:00 цагийн үед Төв шуудангийн дөрвөн замын уулзварыг хаагаад байсан юм. Шөнийн 01:00 цагт цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж, замын хөдөлгөөнийг нээснээр жагсаал өндөрлөв.
Жагсаалд оролцогчийн өмссөн малгайг “Тамгагүй төр” жүжгийн тэмдэгтэй байсан тул олон нийтийн сүлжээнд “Hero энтертайментийн захиалгат жагсаал” гэсэн хардлага үүссэн.
Тэгвэл тухайн иргэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Би энэ малгайг их дэлгүүрийн зургаан давхрын бэлэг дурсгал зардаг хэсгээс авсан. Хар өнгөтэй, цэвэрхэн болохоор нь л авчихсан юм. Ингэж мушгихаар болимоор байна. Би Херо Баатар гэж хүнийг ч танихгүй. Би өглөө зүгээр л ажлаа хийж байгаад, жагсаал болно гэхээр нь ирж нэгдсэн. Хятадаас биш, Монголоосоо малгай худалдаж авсны төлөө ингэж хардуулах эвгүй санагдаж байна. Хүн үзэл бодлоо илэрхийлж болохоо байчихсан юм уу?” гэжээ.
Харин Херо Баатар нэрээр олонд танигдсан найруулагч Б.Баатар дараах байдлаар байр сууриа илэрхийлээ.
“Тэр залуу үгээ хэлэх эрхээ эдэлсэн байна. хувцас ч бас хүний эрх чөлөө. “Mongol Khan” нэртэй хувцасны брэнд гаргаж байгаа учраас олон төрлийн малгай худалдаалагдаж байна. Ингэж улаан цайм гүтгэж болохгүй”
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал “Туйлдаж гүйцлээ” гэх лоозонтойгоор 13 цаг үргэлжилсний эцэст завсарлаад байна. Цагдаа нарын зүгээс жагсагчид замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг улам нэмэгдүүлсэн тул замыг чөлөөлөх арга хэмжээ авч ажиллажээ.
Олон нийт хоёр талд хуваагдаад байна. Жагсагчдыг дэмжсэн хэсэг байгаа бол зам хаасныг эсэргүүцсэн хүмүүс ч мөн байгаа юм.
