
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцаж, цаашдын ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд 2021 оноос хойш зохион байгуулж буй мод тарих үйл ажиллагааны 12 дахь удаагийн нээлтийг хийж, намрын мод тарилтыг эхлүүллээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн мэндчилгээг аймгийн Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаярт гардууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр, Байгаль орчны газрын Ойн нэгжийн дарга Ц.Батгэрэл, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Дэлгэрсайхан, “Ой баясах” ХХК-ийн ойжуулалтын инженер, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Эрдэнэчимэг болон холбогдох байгууллагын төлөөлөл, албан хаагчид, иргэд оролцов.








Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн. Өнөөдрийн байдлаар 4 орчим сая мод ургуулсан бөгөөд тарьсан модны амьдралтын түвшин 80 орчим хувьтай байна.
Өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 406 мянган мод тарьсан бол энэ намар 600 мянган мод тарихаар төлөвлөжээ. Цаашид жилд 3 сая орчим мод тарих зорилт тавьж, тарьц суулгацын нөөцөө нэмэгдүүлж байна.







“Тэрбум мод” хөдөлгөөн эхлэх үед аймгийн хэмжээнд 224 мянган тарьц, суулгацын нөөцтэй байсан бол өнөөдөр 22 мод үржүүлгийн газарт 7.2 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Үүнээс 1.2 сая суулгацыг хаврын мод тарилтын үеэр нийлүүлэх боломжтой болсон байна.

Мод тарихын зэрэгцээ ургуулсан модны арчилгаа, хамгаалалт, усалгаанд анхаарч байгаа нь амьдралтын түвшинд ч тусгалаа олж байна. Өмнөх жилүүдэд аймгийн хэмжээнд авто зам дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро ойжуулалт хийх ажлууд хэрэгжиж байжээ. Тухайлбал, улсын чанартай А301 авто замын дагуу хамгаалалтын хашаатай ногоон зурвас байгуулж, мод тарьсан байна.
Энэ ажлыг цааш өргөжүүлэн Арвайхээр хот руу ордог постоос Жижиг цагаан хаалга хүртэлх авто замын дагуу улиас, хайлаас бүхий хамгаалалтын зурвас байгуулжээ. Нийт Соёмботой уулнаас Морины шүтээн хүртэлх 18 километр чиглэлээс Баруун гуанз–Морины шүтээн хүртэлх 9 километр хэсэгт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Ийнхүү авто зам дагуух модон зурвас нь хотын орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна салхи, шороон шуурганы нөлөөллийг бууруулах хамгаалалтын зориулалттай болж байна.




Таацын цагаан нуур нь Таацын голын төгсгөлд орших бөгөөд тус гол Уянга сумын нутгаас эх авч Нарийнтээл сумын нутгаар дамжин Баруунбаян-Улаан сумын нутаг дахь нуурт цутгадаг. Иймээс Таацын голын сав газрын хамгаалалт, нөхөн сэргээлт нь нуурын экологийн тогтвортой байдалтай шууд холбоотой.
Тус сав газарт эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, хамгаалалтын ажлууд ч хийгдэж байна. Тухайлбал, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нутаг дахь Таацын гол дагуух 30 га эвдэрсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, цаашид 10 га талбайд нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байгаа аж.
Өвөрхангай аймгийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд төр, орон нутаг, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэгтгэж байгаа нь “Тэрбум мод” хөдөлгөөний гол зорилгын нэг болж байна.















Энэ хүрээнд томоохон ажлын нэг нь Онги голын дагуух татмын ойжуулалт юм. “ХААН банк”-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймагт нийт 515 мянган мод тарихаар тохиролцсон бөгөөд үүний хүрээнд Онги голын дагуу 70 га талбайд навчит мод бүхий татмын ойжуулалт хийхээр төлөвлөжээ.
Тус 70 га талбайд ойжуулалтын ажлыг “Ой баясах” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд мод тарихаас гадна арчилгаа, хамгаалалт, амьдралтын чадварыг нэмэгдүүлэх ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, дараа нь орон нутагт хүлээлгэн өгөхөөр зохион байгуулж байна.


Өвөрхангай аймаг мод тарих ажлыг зөвхөн тарьц суулгацаар хэмжихээс илүүтэйгээр тухайн модыг ургуулж, хамгаалж, экосистемийн нэг хэсэг болгоход чиглүүлж байна.
Өвөрхангайн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөн нь хотын ногоон байгууламжаас эхлээд авто замын хамгаалалтын зурвас, голын татмын ойжуулалт, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хүртэлх олон чиглэлийн ажлыг хамарсан урт хугацааны ажил болж байна.


Нийгэм