

Монгол Улсын шинэ Заан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даваасүрэнгийн Алтанцоожид зургаа дахь “Заан Жимни” бай шагналыг 10 дугаар сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр гардууллаа.

Бридж Моторс ХХК нь Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж барилдан давсан бөхөд “Заан Жимни” бай шагналыг ЗУРГАА дахь жилдээ олгож байгаа бөгөөд энэ нь Монгол бөхийн их уламжлалтай хосолсон бэлгэшээлт сайхан ёс болон тогтжээ.

Өмнөх таван удаагийн “Заан Жимни”-гийн эзэд болох улсын гарьд М.Бадарч, М.Лхагвагэрэл, улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, улсын даян аварга Б.Орхонбаяр нар бүгд цолоо ахиулсан нь “Заан Жимни”-г бэлгэ дэмбэрэлтэй шагнал хэмээн бэлгэдэх сайхан түүхийг бүтээсэн билээ.

Монгол бөхийн хүч чадал, тэсвэр хатуужил, уран мэх, авхаалж самбаа, шударга өрсөлдөөн, хүн чанар хэмээх эрхэм чанарыг эрхэмлэн, үндэсний өв соёл, бахархлыг хадгалан уламжилж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг “Бридж Корпорац” олон жилийн турш дэмжин гүйцэтгэж ирсэн ба цаашид ч мөн энэхүү үйлсийг 100 100 жил үргэлжүүлэхийн тулд хүчин зүтгэсээр байх болноо гэж Корпорацийн үүсгэн байгуулагч ТУЗ-ын дарга, ерөнхийлөгч Д.Ганхуяг хэлсэн үгэндээ онцгойлон дурьдав.

Бай шагналыг гардуулах үед, шинэхэн Улсын заан Д.Алтанцоожийн унаган нутгийн ах, МУ-ын Далай, Даян, Дархан аврага, XX зууны Манлай аварга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Бридж корпорацтай Монгол улсаа хөгжүүлэн дэлгэрүүлэх их зорилго чиглэлд үргэлж хамт байснаа дурьдан, “Бридж”-ийн хэмээх Д.Ганхуягтай 40 жилийн өмнө Заан цолтой нөхөрлөж эхэлсэн дурсамж болон анх Заан Жимни бай шагналыг эхлүүлэх санаалчлагыг гаргаж байсан тухайгаа хуваалцлаа.
Шинэ заан маань бай шагнал гардан авах үедээ “Өмнөх Заан Жимнигийн эзэн бөхчүүдийн ижил цолоо ахиулан амжилт гаргах хариуцлагыг мөн хамт хүлээн авлаа” гэлээ.

Энэ сайхан уламжлалын үргэлжлэл болсон “Заан Жимни” -гийн ЗУРГАА дахь эзэн Д.Алтанцоожийн бяр тэгш, хийморь өөдөө байж, бөхийн их зам нь улам дардан байх болтугай.

Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай!

Үндэсний өв соёлыг эрхэмлэгч, Монголын үндэсний бөхийн спортыг дэмжигч – Бридж групп “Бридж Моторс” ХХК
