

Тайланд улсад зохион байгуулагдаж буй “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй 24 настай, Хятад улсын иргэн Amber Yuhan-тай холбоотой асуудлаар Монголын талаас тэмцээний зохион байгуулагчдад хандаж, түүнийг тэмцээнээс хасуулах хүсэлт хүргүүлсэн боловч тус оролцогч Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд үргэлжлүүлэн оролцсоор байна.

Монгол Улс энэ жил тус тэмцээнд албан ёсоор оролцогч илгээгээгүй байхад Amber Yuhan нь Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэрбээр өөрийн цахим хуудасны танилцуулгад “Miss Grand China / Mongolia Champion” хэмээн бичсэн байна. Анх энэхүү асуудлыг Андра академийн үүсгэн байгуулагч, топ модель Х.Бадамгэрэл есдүгээр сарын 23-ны өдөр шүгэл үлээж, олон нийтэд зарласан. Үүнээс хойш олон нийтийн анхаарал тус асуудалд хандсан бөгөөд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан тухайн тэмцээнийг зохион байгуулагч талд Amber Yuhan-ыг тус тэмцээнээс хасах шаардлагыг хүргүүлсэн талаар мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн хэдий ч өнөөдрийг хүртэл Amber Yuhan тэмцээндээ үргэлжлүүлэн оролцож, Монгол Улсын нэрийн өмнөөс өрсөлдсөөр байна. “Miss Grand International 2026” тэмцээн энэ оны есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд дуусна. Ийнхүү Монголын нэрийг ашиглан олон улсын тэмцээнд оролцож байгаа оролцогчийн асуудлаар Монголын талаас шаардлага хүргүүлсэн ч үүнийг үл тоон тэмцээндээ Монголын нэрийн өмнөөс оролцож, тэмцээнээ дуусгахаар болов уу?

Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын нэрийн өмнөөс Хятад улсын эмэгтэй миссийн тэмцээнд оролцож байхад хасуулж чадахгүй байх нь байж болох хэрэг үү? Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан энэ асуудал дээр арга хэмжээ авч чадахгүй бол энэ салбарыг төлөөлж сайдын суудалд суухын хэрэг байна уу?
