М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
13 мин дараа
179
Оюутолгойн ноогдол ашиг ба Онтрэгийн лиценз

“Алаагүй байж арьсыг нь хуваана” гэгчээр ирэх онд авах Оюутолгойн ноогдол ашгийг хэрхэн зарцуулах талаар маргаан хэдийнээ эхэлсэн. Гэвч Оюутолгойн цаана Онтрэ гэж бий.

“Онтрэ ресурс” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Крис Адамс долоо хоногийн өмнө компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан “Хувьцаа эзэмшигчдэд илгээх захидал” нэртэй албан ёсны мэдэгдэл гаргасан юм. Тэрхүү мэдэгдэлд:

“Бид Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Зургаадугаар сард лицензийн үнэлгээг шинэчилж, холбогдох татварыг төлсөн” гэжээ.

Холбогдох татварын 24.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. “Онтрэ”-гийн эзэмшиж буй Оюутолгойн гүний ордын үргэлжлэл Шивээ толгой, Жавхлантын лиценз нь 54 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

“Онтрэ”-гийн зүгээс өнгөрсөн гуравдугаар сард эдгээр лицензүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлж, Монгол Улсыг 34 хувийн хувьцаа эзэмшигч байх бус АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар) авагч болох санал гаргаж байв.

Тэгвэл манай сайд нар энэ талаар ямар ч мэдээлэл, төлөвлөгөөгүй байгаа бололтой.

Сангийн сайд З.Мэндсайхан: “Онтрэ” лиценз шилжүүлэх татвараа өөрөө тооцож, 24.3 тэрбум төгрөгийг Монгол руу татварын орлогын дансанд шилжүүлсэн боловч Татварын алба уг мөнгөн дүнг нэхэмжилсэн зүйл байхгүй. Шаардлагатай татварын тодорхойлолтыг өгөөгүй бөгөөд лиценз шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй” гэж хариулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: "Онтре"-гийн лиценз шилжээгүй. Ашигт малтмал газрын тосны агентлагт ийм хүсэлт ирээгүй. Ирсэн ч шилжүүлэхгүй. Хэлэлцээ хийж Монголын тал өгөөжийн дийлэнхийг авах хүртэл энэ лицензтэй холбоотой ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй!” гэлээ.

“Онтрэ” нүүдлээ аль хэдийн хийж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлчихсэн байхад Монголын тал ямар тохиролцоо хийж, ямар ашиг хүртэх талаар тооцож эхлэх хэрэгтэй байна.