
Наймдугаар сарын 17-нд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 сая төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Гэвч ирэх оны төсвийн төсөлд цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгох санхүүгийн эх үүсвэрийг тусгаагүй байна.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дараах тайлбарыг хэлэв.
Т.Аубакир: “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг асар олон үзүүлэлтүүд бий. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдэд ачаалал болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг 2028 он хүртэл хойшлуулаад байна”
Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
МҮЭХ: “Засгийн газар УИХ-д төсвийн төслөө өргөн мэдүүлэхээс өмнө шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2-т “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд дараагийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ” гэсэн байдаг.
Хөдөлмөрийн тухай хуульд “Ажил олгогч хамтын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэжээ. Гэвч Гурван талт үндэсний хороо шийдвэрээ гаргачихсан байхад
2027 оны төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр тооцон оруулсан байна” гэлээ.
