

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Л.Бямбасүрэн бусадтай бүлэглэн хувийн эмнэлгүүдээс 120 сая төгрөгийн хахууль авч, 50 саяыг нь өөртөө авсан. Түүнийгээ ажилтныхаа данс руу шилжүүлж, “Mersedes Benz” захиалж аван, мөнгөө угаасан гэх хэрэг үйлдсэн.
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн “Би 61 настай. 13 жил хоригдоод, амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? Амьд байх ямар ч хэрэгтэй юм. Хүнээс хүүгүй мөнгө зээлж, хөрөнгө авах нь мөнгө угаах үйлдэл юм уу? Хэргийг минь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү! Одоо миний бие муу гадаадад эмчлүүлэх шийдвэр гарсан байгаа” хэмээн шүүхэд мэдүүлээд байна.
Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.04.13, 14-нд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүх Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд, 6-13 жил хорих ял оноосон. Л.Бямбасүрэн уг мөнгөнөөс 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жил хорих ял оноосон юм. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Үүнийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдан, 2 дахь шатны шүүх хурал өнөөдөр болж байна.
