
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьжиргааны доод түвшнээс ч доогуур амьдарч байгаа талаар дуу хоолойгоо хүргэж, төсвийн тодотголоор зохицуулалт хийх саналыг гаргасан.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: “Сайдын суудал ярих үед ирц 100 хувь байдаг ч хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний амьд явах эрхийн тухай тухай ярихаар бүгд заалнаас гарч явсан.
Өнөөдрийн чуулганыг бүгдээрээ харцгаая. Сонгуулийн үеэр л нүүрээ бидэнд харуулдаг хүмүүс бусад үед бөгсөө харуулж байна”
Гэвч “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг эрчим хүчний салбарын төсвөөс хасаж шийдвэрлэлээ.
Эрчим хүчний сайдын төсвийн багц дахь эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах төсвийг 4 тэрбум 206 саяар бууруулж, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэхээр болов.
Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодолцох нь зөв ч гэлээ өвлийг яажшуухан давъя даа гэж байгаа эрчим хүчний салбарынхаа төсвөөс танадаг нь хэр оновчтой шийдэл вэ?
Энэ талаар Шадар сайд Т.Доржханд: “Засгийн газар анх удаа эрчим хүч дээрээ илүү их төсөв тавих агуулгаар орж ирсэн. Гэвч харамсалтай нь УИХ дээр эрчим хүчний төсвөөс байнга хасдаг боллоо.
Эрчим хүчний багцад байсан станцуудын насжилт, хэзээ мөдгүй зогсох эрсдэлтэй байгаа үед урсгал засварын төсвийг хасаж байна.
Өмнөх долоо хоногийн 5 дахь өдөр ч гэсэн урсгал зардлуудын төсвийг огцом хассан” гэлээ.
