М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.10.06 08:20
369
Арвас үүлдрийн ухныг аль тал хариуцах юм бэ?

Өнгөрсөн есдүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин бүртгэгдсэн.

Аравдугаар сарын 5-ны байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилсөн бөгөөд халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг устгаад байгаа юм. Халдвар бүртгэгдсэн сумдад хөл хорио тогтоогоод байна.

Манай улсад ямааны годрон өвчин хамгийн анх 1950 онд гарч байсан. Түүнээс хойш гарахгүй явсаар 2024 онд гарсан. 2024 онд хил орчмын бүсүүдэд гарсан. Тухайн үед 15 мянган ямааг устгалд оруулж, нөхөн төлбөрийг нь өгч байв.

Ямар ухна, хаанаас годрон оруулаад ирэв?

Харин энэ жилийн халдварын эх үүсвэр нь БНХАУ-ын Арвас үүлдрийн ухна гэдгийг салбарын сайд сүр дуулиантай зарлав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: “Годронтой ямааг Саятан сүрэг аж ахуйн нэгжээс иргэдэд худалдсан. Тэр нь БНХАУ-д байдаг Арвас үүлдрийн ухна байсан. 

Манай улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд "Арвас" гэх үүлдэр байхгүй байсан. Гэтэл мал аж ахуйн эрдэм шинжилгээний газарт өгч шинжлүүлэхэд тухайн ухна Арвас үүлдэрийнх болох нь тогтоогдсон. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр байна” гэж мэдээлэв.

Тэгвэл Гаалийн ерөнхий газраас "Сүүлийн 5 жилд манай улс нэг ч ухна, ямаа импортлоогүй" гэсэн тайлбар өгсөн юм.

Мөн Арвас үүлдрийн ухныг Саятан сүрэг дэлгүүр 116 сая төгрөгөөр худалдаалсан байна. Тухайн дэлгүүрийн зүгээс “Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Яг манай мал дээр өвчин илэрч, үхэж үрэгдээд байгаа зүйл байхгүй. Баримт нотолгоогүйгээр манайхыг гүтгэж байна” гэлээ.

Ийнхүү яам хилээр хууль бусаар оруулж ирсэн гэж сэрдсэн ч Гаалийн ерөнхий газар эрс няцааж, Саятан сүрэг дэлгүүр ч өөрөөсөө холдуулахаар оролдож байна. Тэгэхээр хэргийн эзэн хэнгэргийн дохиур Арвас үүлдрийн ухна хэнд ч мэдэгдэлгүй алхаад ороод ирсэн хэрэг үү?

Годрон гэж ямар өвчин байдаг вэ?

Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Өвчин гарсан суурийн ямаа бараг толгой дараалан өвчилж үхнэ. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана.

Өвчний нууц үе нь 3-10 хоног, зарим үед 45 хоног хүрнэ. Гол төлөв цочмог явцаар илэрнэ. Годрон өвчин шинээр гарч байгаа нутагт өвчний шинж тэмдэг тод илэрнэ. Хуурай ханиалгаж улмаар сүргээсээ хоцрох, яваандаа тэжээлийн дуршилгүй болж, амьсгалах нь хүнд, эмзэглэлтэй болж улмаар өндөр халуурдаг.