

Шатахуунтай холбоотой үүсээд байгаа асуудлын талаар салбарын сайд нь өчигдөр мэдээлэл өгсөн. Тэрээр, Гаднаас орж ирж байгаа шатахууныг агуулах руу оруулалгүй шууд түгээлтэд гаргаж байгаа. Аравдугаар сард байдал тогтворжино. Намайг жилийн өмнө ажлаа авахад газрын тосны үйлдвэрийн ажил 28 хувьтай байсан. Одоо 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэсэн юм.
Харин 10 дугаар сарын шатахууны татан авалтын тоон мэдээллийг хүргэвэл:
ОХУ-аас АИ-92 58.0 мян.тн, дизель 154.3 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн; БНХАУ-аас АИ-92 8.0 мян.тн, АИ-95 1.0 мян.тн, дизель 10.0 мян.тн, онгоцны түлш 1.0 мян.тн; БНСУ-аас АИ-92 12.0 мян.тн авахаар ажиллаж байна. Нийт 260–270 мян.тн орчим бүтээгдэхүүн татан авахаар төлөвлөсөн байна.
Мөн агуулахын өргөтгөлийн ажил хийгдэж байгаа. Тодруулбал, 18 ААН-ийн 22 байршилд нийт 299.7 мян.м³ багтаамж нэмэгдүүлэх ажил хэрэгжсэн аж. Үүнээс 1 объект 100% буюу ашиглалтад орсон, 5 объектын гүйцэтгэл 85% орчим, бусад объектын ажил 40 хүртэлх хувьтай байна. 2026 онд нийт 150 мян.м³ орчим шинэ багтаамж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Шатахууны хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр болсон. Тодруулбал, өмнө нь шатахууны импортын 97 орчим хувийг ОХУ-аас авдаг байсан бол 2026 оны 10 дугаар сарын татан авалтын төлөвлөгөөгөөр ОХУ-аас 58.0 мян.тн, БНХАУ-аас 9.0 мян.тн, БНСУ-аас 12.0 мян.тн, нийт 79.0 мян.тн автобензин авахаар ажиллаж байна.
Ингэснээр ОХУ-ын эзлэх хувь 73% орчим болж буурч, БНХАУ, БНСУ зэрэг бусад эх үүсвэрийн эзлэх хувь 27% орчимд хүрч, нэг улсаас хэт хамааралтай байсан хангамжийг бодитоор төрөлжүүлж эхэлжээ.
