М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.07 10:52
204
Эпштейний Монголтой тогтоосон холбоо: Ц.Элбэгдоржоос Х.Баттулгын үе хүртэл

Өнөөдөр Эпштейний сонсгол болж байна. Энэхүү хяналтын сонсголоор Эпштейний хэргийн баримтуудад Монгол Улсын талаар дурдагдсан мэдээллүүд нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх зорилготой. Эргэн сануулахад,

Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой нийтэд ил болсон баримтуудад Монгол Улсын талаар хэд хэдэн удаа дурдагддаг.

Ц.Элбэгдорж Эпштейнтэй уулзсан нь

2013 оны есдүгээр сард Ц.Элбэгдорж Нью-Йоркт байх үеэр түүнд зориулсан оройн зоогт Жеффри Эпштейн уригдсан байна. Үүний дараа Эпштейн болон Л.Пүрэвсүрэн имэйлээр шууд харилцаж эхэлсэн байна. 2013 оны арваннэгдүгээр сард Пүрэвсүрэн Эпштейнийг Монголд ирэхийг урьж, арваннэгдүгээр сарын 13-16 эсвэл арванхоёрдугаар сарын 16-20-ны хооронд Монголд хүлээн авах боломжтой гэж мэдэгджээ.

Эпштейн Монголын эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн зөвлөлийн хуралд оролцов

2014 оны нэгдүгээр сарын 24-нд Давост болсон “Mongolia Presidential Advisory Board” буюу Монголын Ерөнхийлөгчийн зөвлөх зөвлөлийн хуралд Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн, Ларри Саммерс болон бусад хүмүүс оролцжээ.

Хурлын тэмдэглэлд Жеффри Эпштейн утсаар оролцсон гэж бүртгэсэн байна. Хэлэлцсэн асуудалд Монголын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, төсөв, Оюу толгой болон “Рио Тинто”-той холбоотой асуудал, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг сэдэв багтжээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг Эпштейн рүү дамжуулж байв

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Эпштейн Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байжээ. Тухайлбал, Эпштейнд Х.Баттулгын туслах Ч.Ганбат сонгуулийн ирц, нэр дэвшигчдийн нөхцөл байдал болон улс төрийн өрнөлийн талаар мэдээлэл өгсөн байна.

Сонгуульд ялсны дараа Ч.Ганбат Эпштейн рүү ““Баттулга сая над руу залгалаа. Тэр надад ‘Таны дэмжлэгт баярлалаа! Мафижсан төрийн эсрэг амаргүй тэмцэл байлаа. Одоо ажил эхэлж байна. Бидэнд таны цаашдын бүх дэмжлэг хэрэгтэй байна!’ гэж хэлэхийг хүссэн.”” гэсэн мэйл явуулсан байна.

Яриа улс төрөөс эдийн засаг, криптовалют руу шилжсэн

Сонгуулийн дараах харилцаанд Монголын эдийн засгийн талаар хэд хэдэн санал гарчээ.

Ч.Ганбат Монголд оффшор бүс байгуулах санааг хэрхэн хэрэгжүүлэх талаар Эпштейнээс асуусан. Эпштейн Монголын дижитал валютын талаар санал гаргаж, “GENGHIS COIN” гэж нэрлэх боломжийн талаар ярьсан байна.

Мөн биткойн, блокчэйн технологи, Монгол Улс өөрийн валют гаргах боломжийн талаар харилцан мэдээлэл солилцжээ.

Сонсгол үзэх: