

Монголын эрүүл мэнддийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяатай 2026 онд эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75 хувиар нэмэгдүүлэх асуудал өнөөдрийн байдлаар ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.
2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75 хувь хүртэл нэмэгдүлэхээр болсон. Яг өнөөдрийн байдлаар цалин хэдэн хувиар нэмэгдсэн байгаа вэ?
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2025 оны есдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьж, урт хугацаанд тэмцсэний үр дүнд салбарын гурван талт хэлэлцээр байгуулж, 2026 онд цалинг нийт 75 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Хэлэлцээрийн дагуу цалингийн нэмэгдлийн эхний 30 хувь 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин үлдсэн 45 хувийг наймдугаар сарын 1-нээс эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлж, оны эцэст нийт 75 хувийн нэмэгдэлд хүргэхээр салбарын гурван талт хэлэлцээр байгуулсан.
Одоогоор эхний 30 хувийн нэмэгдэл хэрэгжээд явж байгаа. Өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдэх ёстой нэмэгдлүүд олгогдоогүй байна. Бид долдугаар сарын 8-ны өдөр Засгийн газар, УИХ болон холбогдох сайд нарт сонордуулга хүргүүлсэн. Мөн есдүгээр сарын 21-нд шаардлага хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдлийг улсын төсвийн тодотголд бүрэн тусгаж өгөхийг шаардаж байгаа. Хоёрдугаарт, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагыг тавьж байна.
Наймдугаар сарын 1-нээс хойш олгох ёстой 45 хувийн нэмэгдлийг хэрэгжүүлэхэд нийтдээ улсын төсвөөс 150 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл Сангийн сайдаас 90 тэрбум төгрөгийг тусгасан гэсэн бичиг ирсэн. Үүнийг бид хүлээж авахгүй.
Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу салбарын гурван талт хэлэлцээр байгуулж, бүртгүүлээд албажуулчихсан учраас гэрээ, хэлэлцээрийнхээ дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Одоо эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс найм, ес, аравдугаар сард нэмэгдээгүй 9 хувийн нэмэгдлүүдийг нөхөн олгож, арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард нийт 45 хувийн нэмэгдлээ авах шаардлага тавьж байна. Энэ бол зүй ёсны шаардлага.
Нэгэнт гэрээ, хэлэлцээр байгуулж, бүртгүүлээд албажуулсан байхад хэлэлцээрийнхээ дагуу асуудлыг шийдвэрлэхгүй бол бид тэмцлийн сонордуулга хүргүүлж, шаардлага тавина. Мөн жагсаал цуглааныг шат дараатай зохион байгуулна. Асуудал шийдэгдэхгүй бол ажил хаялт зарлана.
Мөн гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эмнэлгүүдийн байдал хүнд байна. Салбарууд гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжинэ гэж байгаа боловч тогтолцоондоо гажуудалтай байна. Цаг үе нь болоогүй байхад яаран энэ тогтолцоонд шилжсэн нь тооцоо судалгаагүй бодлого хэрэгжүүлж байна гэж бид харж байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэлд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгаж өгөхийг шаардаж байна.
Бид 45 хувийн нэмэгдлээ авахын төлөө тууштай тэмцэнэ. Эрүүл мэндийн яамны зүгээс Сангийн яамнаас ирж байгаа төсвөө хамгаалах гэж байгаа ч хамгаалж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна гэж харж байна. Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийтдээ 60 гаруй мянган эмч, ажилтан байдаг. Үүнээс төрийн эрүүл мэндийн байгууллагад 20 гаруй мянган эмч, ажилтан ажилладаг. Цалинг нийт 75 хувиар нэмэгдүүлснээр үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүрэхээр байгаа. Харин үлдсэн 45 хувийн нэмэгдлийг олгоход улсын төсвөөс 150 тэрбум төгрөг шаардлагатай байна.
