Намийг З.Нямдэмбэрэл гэдэг. Хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн эмч, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Г.Ганболд ахыг шатахууны жагсаалын үеэр үзэл бодлоо илэрхийлж байхад нь анх харсан. Тухайн үед хэлсэн үг нь надад их хүрсэн. Ард иргэдийн бодит байдлыг үнэнээр нь хэлж байна гэж бодоод өөрийн цахим хуудсандаа хүртэл хуваалцаж байсан. Тэгсэн багын найз маань “Энэ хүнд нэг шүд хийгээд өгчих юмсан. Миний аав шиг харагдаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Ахыг нь олоод ир, найз нь шүдийг нь хийж өгье” гэж ярьсан. Ингээд Ганболд ахыг олж холбогдсон.
Ах найман жилийн өмнө хиймэл шүд хийлгэсэн байсан. Тэр шүд нь хоёр удаа хугарсан бөгөөд нэгийг нь тарган цавуугаар, нөгөөг нь супер цавуугаар нааж хэрэглэж байсан. Үүнийг харахад үнэхээр сэтгэлд хүнд байсан. Шүдгүй болно гэдэг зөвхөн гоо сайхны асуудал биш. Хүн хоол идэж уух, зөв ярьж хэлэхэд хүртэл хүндрэлтэй болдог. Тэр дундаа олон жил хэрэглэсэн хиймэл шүд нь хугарчихсан, цавуугаар наагаад явж байна гэдэг амьдралынх нь өдөр тутамд ямар их хүндрэл учруулж байсныг харуулж байсан.
Манай зүгээс дээд талд нь металл тагнайтай хиймэл шүд хийж өгч байгаа. Гэхдээ энгийн төмөр биш, үнэт металлаар хийсэн, хэд дахин нимгэн, хөнгөн, эвтэйхэн хийцтэй. Хэл ярианд нь өөрчлөлт оруулахгүй, удаан хугацаанд хэрэглэхэд тохиромжтой. Ах маань шинэ шүдээ хийлгэж байгаадаа маш их баярлаж байсан. “Одоо олон жил зүүнэ” гээд их баярласан. Ер нь бүхэл бүтэн амьдралаа үр хүүхдийнхээ төлөө зориулж, өөрийгөө хойш тавьчихсан хүмүүс манай нийгэмд олон байдаг. Тиймээс өөрийн чадах зүйлээрээ нэг хүнд тусалъя гэж бодоод ахыг хайж олсон. Ах руу хэд хэдэн шүдний эмнэлгээс холбогдсон байсан юм билээ. Биднийг холбогдоход “Эргээд яръя” гэж байсан ч маргааш нь “Танайх хаана байдаг вэ?” гээд өөрөө хүрээд ирсэн.
Манай гэрийнхэн “Өдөржин бөгтийж суугаад хүний өмхий ам ухаж суух хэрэг байна уу” гэж хэлдэг. Гэхдээ би мэргэжилдээ огт түүртдэггүй. Харин ч дуртай, жаргаж хийдэг. Шүд нь өвдөж орж ирсэн хүн эмчилгээ хийлгээд маргааш нь зовиургүй болчихсон, инээгээд явж байхыг харах үнэхээр сайхан байдаг. Тэр үед өөрийнхөө хийж байгаа ажлын үнэ цэнийг мэдэрдэг.
Хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн эмч учраас Хүүхдийн төв сувилалд жил бүр очиж, хүүхдүүдэд үзлэг хийдэг. Энэ жилийн үзлэгээр сувгийн эмчилгээнд орох шаардлагатай нэг л хүүхэд байсан. Ерөнхийдөө хүүхдүүд чихэр бага иддэг, шүдээ сайн угаадаг болсон нь харагдсан. Хүүхдийн шүдийг эрүүл байлгах хамгийн том алхам бол шүдээ зөв, тогтмол угаахаас эхэлдэг. Мөн чихрийн хэрэглээг багасгаж, тогтмол үзлэгт хамруулж байх нь маш чухал.