
Лхагва гарагийн Өглөөний зочноор НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр оролцож, дүүжин тээврийн талаар ярилцлаа.
Дүүжин тээврийн ажлын явц ямар шатанд байна вэ, бид хэзээ дүүжин тээврээр зорчиж эхлэх вэ?
-Барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Дулааны шугам сүлжээ, бохир ус, ариутгах татуурга гэх мэт. 12 сарын 15-нд ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Францын талаар олон инженерүүд зөвлөж ажиллаж байгаа учраас хяналт, тохируулгын улмаас бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай. Гэхдээ 2026 онд багтаад ашиглалтад орно.
Иргэд аюулгүй байдлын тал дээр эргэлзээтэй байна. Төслийг гүйцэтгэж байгаа компанийн талаар танилцуулбал?
Дэлхийн хэмжээнд дүүжин тээврийн ажлаар хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд цөөхөн байдаг. Манай улсад гүйцэтгэж байгаа компани бол Франц улсын Пома гэдэг компани. Нийт 8000 гаруй системийг угсарсан туршлагатай хамт олон байгаа. Энэхүү төсөл нь Монгол Улс болон Франц улсын тээврийн санхүүжилтийн гэрээгээр нэн хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн. 0,007 хувийн хүүтэй зээл, эхний 25 жилдээ хүү төлөхгүй.
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Мөн эрчим хүчний дутагдалтай. Тэгэхээр -40 хэмийн хүйтэнд цахилгаан тасарсан тохиолдолд ямар шийдэл байгаа вэ?
Дүүжин тээврийг дэлхий нийтэд аялал жуулчлал болон нийтийн тээврийн зориулалтаар ашигладаг. Манай улсын -40 градусын хүйтэн жилд 10 хоног л үргэлжилдэг. Манай техникийн нөхцөл, байгаль орчны дүгнэлтийг олон улсын шинжээчид хийсэн. Тиймээс -40-өөс +40 градуст ямар ч асуудалгүй ажиллах баталгаатай.
Цахилгаан тасрах эрсдэлийг тооцож, нөөц генераторуудыг байршуулсан. Тэгэхээр доголдол үүсэхгүй.
Дүүжин тээврийн хамгийн гол давуу талууд юу вэ?
Түгжрэлд үзүүлэх шууд нөлөө багатай. Нийгэм, эдийн засаг, болон иргэдэд үзүүлэх нөлөө илүү их. Нийслэлийн автомашины 18 хувь нь Яармагаас Сонгинохайрхан дүүрэг рүү зорчдог. Тэгэхээр түгжрэлд өнгөрүүлэх цагийг багасгах үр ашигтай гэсэн үг. Нийт 98 кабинтай, кабин тус бүрд 10-12 хүн суух боломжтой.
Үнийн урьдчилсан тооцоолол байгаа юу?
Хэдийгээр нийтийн тээвэр учраас иргэдийг хямд үнээр зорчуулмаар байгаа ч бодит үнийг тогтоох нь чухал. Урьдчилсан байдлаар 4000 төгрөгөөр эхэлнэ гэж тооцож байна.
Төлбөрийн хэрэгсэл ямар байх вэ?
Автобусны төхөөрөмжтэй ижил байна. Мөн автобусанд дамжиж суух боломжтой байдлаар шийдэхээр ажиллаж байгаа.
Амжилттай хэрэгжсэн тохиолдолд дараа нь ямар байршилд суурилуулах вэ?
Зээлийн хэлэлцээрт хоёр шугам ашиглалтад оруулах тохиролцоотой. Дараагийн удаад гэр хорооллын нийтийн тээврийн хүртээмжгүй хэсэгт төслийг хэрэгжүүлнэ. Сэлбэ 20 минутын хот төслөөс хотын төв рүү зорчих чиглэлд урьдчилсан судалгааг хийж байна.
Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа.

