

ОХУ-ын хэвлэл мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант 28 настай Дарья Шипилова тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Халдварыг уушгины тахал гэж үзэн 1,2-р хавьталтай 200 орчим хүнийг тусгаарласан байна.
Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй бөгөөд лаборантын өвчлөл нь эрхэлж байсан ажилтай нь холбоотой эсэхийг тогтоогоогүй байна. Мөн өвчтөнөөс тарваган тахал үүсгэгч болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" гэсэн онош тавьжээ.

Манай улсын Эрүүл мэндийн яам, ГЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллагууд хамтарч эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийжээ. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эрхүүд гарсан учир битүүлэг тахлын олон нийтэд учруулах эрсдэлийг “БАГА” гэж үнэлжээ.
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 7-нд Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр "Монгол болон БНХАУ, ОХУ нь халдварт өвчин гарвал шууд мэдээлэх гуравласан гэрээтэй байдаг. Үүний дагуу Монгол улсад ОХУ-аас мэдээлэл өчигдөр ирсэн. Уушгины тахал өвчин эхний шинжилгээгээр тогтоогдоогүй. Нас барсан эмэгтэйгээс эсийн шинжилгээ авахад тахлын бичил биетэн илрээгүй. Гэвч урьдчилан сэргийлэх байдлаар 200 гаруй хавьтлыг тусгаарлан ажиллаж байна" гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Цаашид холбогдох газрууд хилийн хорио цээрээ сайжруулж ажиллахаар болжээ.
