
2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө малчны тухай хуулийг баталсан. Энэ хуулиар 2025-2026 онд малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой байсан. Малчид хамгийн их хүлээлттэй байсан ч хууль хэрэгжихгүй байсаар хугацаа нь дууссан юм.
Малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх хууль хэрэгжээгүй гол шалтгаан нь хэрэгжүүлэх журмыг батлаагүй, түүнд шаардлагатай 30–40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдээгүйтэй холбоотой.
2017 онд УИХ “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” бие даасан хууль баталж байжээ.
Уг зохицуулалтын хүрээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 34.3 мянган даатгуулагч хамрагдаж, 76.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төвлөрүүлсэн байна.
Өнөөдөр ч өмнөх нөхөн даатгалын зохицуулалтад хамрагдсан малчид тэтгэвэр авч байгаа. 2025 оны жилийн эцсийн байдлаар тэтгэвэр тогтоолгосон малчдын 69 хувь нь өмнөх нөхөн даатгалын хуулийн дагуу шимтгэлээ нөхөн төлсөн иргэд байжээ.
Даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын гишүүд Малчны тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх хуулийн төслийг өргөн барьлаа. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол малчны тухай хууль цаасан дээрээ л үлдэнэ.
