А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
27 мин өмнө
148
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж, “Бүх нийтээр мод тарих намрын аян”-д оролцлоо.

Тэрбээр “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мөн халх, дөрвөд, баяд, захчин, хотон, урианхай, торгууд, казах, үзэмчин ястны төлөөлөлтэй хамт мод тарьсан юм.

Төрт ёсны ариун гал голомт, дэлхийн соёлын үнэт өв болсон Орхоны хөндийд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар оролцож буй иргэд, байгууллагуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Тэрээр өнөөдөр тарьж буй мод бүр шинэ Хархорум хотын хөгжил, мандал бадралын бат бөх үндэс суурь болж, ирээдүй хойч үед үлдэх ногоон орчныг бүрдүүлнэ хэмээв.

Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж ургуулах ажил бус, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг байгаль, нийгэм, эдийн засгийн олон талт зорилтыг хамарсан цогц санаачилга болон өргөжиж байна.

Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар дэвшүүлсэн газрыг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг бий болгох зорилттой салшгүй холбоотой.

Ерөнхийлөгч цаашид шинжлэх ухаан, инновац, шинэ технологид тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын чухал тулгуур болон үргэлжилнэ гэдгийг онцоллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, уул уурхай, банк, санхүүгийн салбар, иргэд хамтран 140 сая мод тарьж, ургуулан, 147 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Уламжлалт түүх, соёлын өвөө хадгалсан Хархорумын нутагт ногоон орчныг нэмэгдүүлж буй энэ ажилд нутгийн иргэд ч идэвхтэй оролцож, шинэ хотыг байгальд ээлтэй, амьдрах таатай орчинтойгоор хөгжүүлэх зорилтыг сайшаан дэмжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Шинэ хотын ногоон байгууламжийг бүрдүүлэх хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, Зэвсэгт хүчин, хувийн хэвшил, тэр дундаа уул уурхай, банк, санхүү, ойн болон модны салбарын байгууллагууд хамтран 900 мянган мод тарьж, арчилж хамгаалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцаж, цаашдын ажлыг эрчимжүүлэх хүрээнд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа

Ч.Даваабаяр: “Хархорум бол Монголын түүх, соёлын үнэт өв болсон газар. Шинэ Хархорумыг сэргээн байгуулахдаа зөвхөн барилга, байгууламж бус ногоон байгууламж, ой модтой, байгальд ээлтэй хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн иргэд, жуулчдын амарч, тухлах орчин төдийгүй Хархорум хотын ногоон хөгжлийн нэгэн чухал хэсэг болгон хөгжүүлж, мод тарих, арчлах, хамгаалах ажлыг тогтвортой үргэлжлүүлэх нь чухал.”

Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих амлалт авсан бөгөөд энэ зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар 4 сая гаруй мод тариалсан ба модны амьдралтын хувь 80 хувьтай байгаа юм.

Ийнхүү шинэ Хархорум хотын ногоон байгууламжийг бий болгох ажил нь зөвхөн хот төлөвлөлтийн нэг хэсэг бус, Орхоны хөндийн байгаль орчныг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, ирээдүйн хотын тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэх урт хугацааны, чухал ач холбогдолтой ажил болж байна.