

Өчигдөр Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн гаргасан гурван өргөдлийг хэлэлцлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдөл байв. Уг өргөдлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр нийтийн өргөдлийн системд байршуулж, 33216 иргэн дэмжсэн.
Нийслэлийн замын сангийн орлого 2023 онд 62.8 тэрбум, 2024 онд 70.7 тэрбум, 2025 онд 211.8 тэрбум төгрөг бүрдсэн бол 2026 онд 240.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна.
Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь иргэн Б.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдөл байв.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн, НӨАТ-ын хувь хэмжээ олон улсын дунджаар 16 хувь байдаг. Манайд төсвийн орлогын 20-25 хувийг НӨАТ-ын орлого бүрдүүлдэг бөгөөд хэрэв буцаан олголтын хувийг нэмбэл НӨАТ-ын орлого 2.1 их наядаар буурах тооцоолол гарсан гэдгийг мэдэгдэв.
Уул уурхайн экспортын орлогоос НӨАТ авдаггүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого уян хатан биш, иргэд, аж ахуйн нэгжүүд НӨАТ жигд төлдөггүй зэрэг шүүмжлэлийг хэлж байв. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхээс илүүтэй татварын бодлогын цогц шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан юм.
Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй байна.
Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь иргэн Э.Батбаяраас гаргасан Орон нутгийн болон улсын чанартай автозам ашигласны хураамжийг нэмсэн шийдвэрийг цуцлах талаар Ажлын хэсэг байгуулж УИХ-аар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдөл байв.
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд, манай улс 14 мянган км олон улсын болон улсын чанартай автозамтай, үүнээс 8000 км нь хатуу хучилттай. Цахим системд шилжүүлсэн 34 Төлбөр хураах цэг бий. Замын хураамж 2013 онд 500, 2016 онд 1000 төгрөг байсныг Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон. Нийт хатуу хучилттай замын засвар арчлалтад жилдээ 285 тэрбум төгрөг шаардлагатай. Хураамжийг нэмснээр 90 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоолол бий гэв.
Зам ашигласны хураамж нэмсэн талаар орон нутгийн иргэд гомдолтой байгаа, өрхийн амьжиргаа, орлогыг судалсан эсэх, замын эвдрэлээс болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ, Төлбөр хураах цэгийг оновчтой байршуулаагүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хураамжаас чөлөөлөх журмын хэрэгжилт, олон дахин зорчих шаардлагатай иргэн, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлтийн зохицуулалт, уул уурхайн тээвэрлэлт хийж буй хүнд даацын автомашины жин пүүг цэгүүдэд байршуулах шаардлагатай зэрэг олон асуудлыг хөндсөн.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.6 хувь нь дэмжсэн тул Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
