

Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Харин гэмтсэн иргэн одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болсон байна. Тус асуудлын талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр: 10-р сарын 07-ны шөнө ГССҮТ-ийн салбар эмнэлгийн яаралтай тусламжаар баавгайн дайралтад гэмтсэн үйлчлүүлэгч ирж, тусламж авсан. Зохих яаралтай тусламж үзүүлж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Өглөө бүх шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлсэн.
Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа гайгүй. Толгойн гавлын ясанд хугаралтай, хэвлий цээжинд нь базагдсан дарагдсан зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа учир мэс засал хийх шаардлагатай байгаа.
Тиймээс төв эмнэлэг дээр шилжүүлэн эмчлэх шийд гарсан.
Шууд дамжуулалт үзэх:
