
Улсын Их Хурлын цахим хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүдийн ажлын тайланг олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа юм. Тэгвэл хамгийн муу ирцтэй Х.Баттулга гишүүний ажлын тайлантай танилцъя. Тэрээр УИХ-ын чуулганыг 113 удаа тасалсан байна.
Өргөн барьсан хууль-0
Зохион байгуулсан ажил (сонсгол, аян, уулзалт)-1
Гадаад томилолт- 34
Дотоод томилолт-1
Байнгын хорооны гишүүнээр ажилласан-3
Ажлын хэсгийн гишүүнээс ажилласан-5
Өргөн мэдүүлэхээр бэлдэж буй хууль-5
Өөрийн нэр дээр өргөн барьсан хууль одоогоор 0, зохион байгуулсан сонсгол, аян, уулзалтын тоо 1 гэж бүртгэгджээ. Мөн тайланд гадаад томилолт 34, дотоод томилолт 1 гэж дурдсан байна.
Хоёр Байнгын хороо, таван Ажлын хэсэгт ажиллаж байна.
Х.Баттулга 2024 онд Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сарын 5-наас Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл тайлангийн одоогийн байдлаар Хууль зүйн болон Өргөдлийн гэсэн хоёр Байнгын хороонд ажиллаж байгаа бөгөөд Эдийн засгийн байнгын хороонд өмнө нь ажилласан байна.
Тэрбээр таван Ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ. Үүнд МҮХАҮТ-ын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Жагсаал цуглаан хийх журам, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгүүд багтсан байна.
Эдгээр ажлын хэсгийн хүрээнд тодорхой санал, албан бичиг хүргүүлсэн гэж тайланд дурдсан ч тухайн саналуудаас хэд нь хууль, эрх зүйн эцсийн зохицуулалт болж батлагдсан талаар тусад нь тодорхойлоогүй байна.
Өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй таван төсөл байна
Х.Баттулгын тайланд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй таван төсөл, чиглэл багтжээ.
Үүнд:
-6-18 насны хүүхэд бүрд сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг олгож, спорт, урлаг, дугуйлан зэрэг хүүхдийн хөгжилд зарцуулах “Хүүхэд хөгжлийн карт” бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тодорхой хувийг иргэдийн хамтын өмчлөлд шилжүүлэх эрх зүйн загвар бий болгох тухай тогтоолын төсөл;
-Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;
-Тээвэр, логистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл
-Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг юм.
Тайланг үзэх: https://parliament.mn/
