Улс төр
3 цагийн дараа
196
Т.Аубакир: Ж.Баясгалан гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан

ГБХНХ-ын сайд Т.Аубакир тэтгэврийн нэмэгдэл болон сайдыг огцруулах шаардлагын талаар тодруулга өглөө.

Анх удаа тэтгэврийн тогтолцоог гурван давхар болгож суурь тэтгэвэр гэдэг ойлголт бий боллоо. Улсын төсвөөс 1.2 их наяд төгрөг шинээр тавигдаж байна. Хоёр дахь нь нийгмийн даатгалын сангаас тавигдах тэтгэвэр бөгөөд ажилласан жилтэй уялдуулж тэтгэвэр авна. Гурав дахь нь УИХ дээр хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ингэснээр иргэн та 3 эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэж байна.

Суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс олгож эхлэхийн тулд улсын төсвийн тодотголыг хийх хэрэгтэй. Тиймээс энэ тав дахь өдөр улсын төсвийн тодотголын 4 дүгээр хэлэлцүүлэг явах гэж байна. Бидэнд бага хугацаа үлдээд байна. Учир нь Ерөнхийлөгчийн хориг тавих 10 хоног, УИХ-ын ёсчлох 3 хоногийг хүлээнэ. Энийг бид 11 дүгээр сарын 1-нээс өмнөөс суурь тэтгэврээ тавих бололцоог УИХ бүрдүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд бэлтгэл ажлууд бий.

410 гаруй мянган иргэд суурь тэтгэвэр авна. Суурь тэтгэвэр авах хүмүүст нэг л шаардлага тавьж байгаа. Энэ нь тэтгэвэрт гарах нас болсон байхад болно.  2027 оны 1 дүгээр сарын 1-нээс бүх нэмэгдлүүдээ аваад явна.

Гадаа зарим УИХ гишүүд, иргэд шаардлага хүргүүлж байна. Миний хувьд алдаа гаргаж ажиллаагүй. Анх Ж.Баясгалан гишүүнийг зарчмын зөрүүтэй санал гаргахад нь эсрэг санал өгсөн. Яагаад гэвэл боогоод ороод ирсэн төсөв байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ 2027 оны улсын төсөвт 10 хувиар нэмэгдүүлэх байдлаар 84.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирсэн. Нэгэнт Засгийн газрын өргөн барьчихсан төсөв дээрээ кабинетийн зарчим гэж байх ёстой. Тэр төсвийг эвдээд суух нь зарчмын хувьд болохгүй. Ингээд Ж.Баясгалан гишүүний зарчмын зөрүүтэй санал дэмжигдээд явахад нь байнгын хорооны хурал болон их хурал дээр дэмжиж санал өгсөн. Сайдыг огцруулах үндэслэл байх ёстой. Үндэслэл нь бодитой байх ёстой. Би ямар нэгэн алдаа мадаг гаргаагүй.