

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж иргэдээс худалдаж авсан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх хуулийн төслийг өргөн барих талаар мэдээлэл өглөө.
Сая гаруй иргэн 1072 хувьцааг төрд буцаан өгсөн. Түүний 340 гаруй мянга нь өндөр настай ахмадууд байгаа. Тэр хүмүүс сая төгрөг аваад 1072 хувьцааг 2012 онд өгсөн. Мөн оюутнууд 300 мянган төгрөгийг сургалтын төлбөртөө суутгаж 1072 хувьцааныхаа нэг хэсгийг өгсөн байна. Мөн түүнчлэн олон хүмүүс нийгмийн даатгалын төлбөрт суутгаж 1072 хувьцааныхаа нэг хэсгийг өгсөн байгаа. Энэ сая гаруй хүн тухайн үедээ 1072 хувьцаа ерөөсөө ноогдол ашиг өгөхгүй, хэзээ ашиглагдах нь мэдэгдэхгүй байсан учир 1072 хувьцаагаа өгжээ.
Гэтэл өнөөдөр 1072 хувьцаа ноогдол ашгаа өгдөг боллоо. Сонгуулийн жилүүдэд 300 гаруй мянган төгрөг, сонгуулийн бус жилүүдэд 62 мянган төгрөг олгогдож байгаа. Ямар ч байсан 1072 хувьцаандаа ноогдол ашгаа авдаг болсон. Хоёрдугаарт 1072 хувьцааг өвлөдөг болсон. Үүнтэй холбоотой олон иргэд эргэн 1072 хувьцааныхаа эзэн болох сонирхолтой байна. Хөдөөгүүр явж 236 сумаар ажилласан. Тэр үед ихэнх ахмадууд 1072 хувьцаагаа буцааж авмаар байна гэх хүсэлт гаргасан.
Миний өргөн барьсан тогтоолын төслийн дагуу ахмадууд сая төгрөгөө буцааж өгөөд 1072 хувьцаагаа буцааж авах боломжтой. Төлбөрийн хувьд сая төгрөгөө өгөхгүй байж болно эсвэл 1072 хувьцааны ноогдол ашигдаа суутгуулж 1072 хувьцааныхаа эзэн болох боломжтой.
