М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.12 10:21
153
Тамхины хуулийг саатуулж их хэмжээний тамхи нөөцөлсөн үү

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар олон хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлахаар дарааллыг баталжээ. Энэ дунд иргэд олон нийтийн удаан хүлээсэн нэгэн хууль байгаа нь Тамхины хяналтын тухай хууль юм.

Өнгөрсөн хаврын чуулганаар батлах байсан боловч намрын чуулганаар эцэслэн батлагдахаар үлдээсэн энэ хуулийг яаралтай батлахгүй хугацаа алдаж байгаагийн шалтгааныг ч олон нийт гайхаж байна.

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Ө.Шижир гишүүний хэлсэн үг уг шалтгааныг оноод хэлчихсэн гэж болно. Тэрбээр "Ганцхан хэлэлцүүлэг үлдсэн Тамхины хяналтын тухай хуулиа яагаад хойшлуулаад байгаа юм бэ. Энд ямар ашиг сонирхлоор хэний амыг үдэж, хэний гар хөлийг тушчихаад байна вэ" гэж хатуухан асууж байсан.

Аль хэдийн баталчих байсан энэ хуулийг батлаагүйгээс зунжин тамхины компаниуд тамхинуудаа нөөцөлж авсан бөгөөд хил гаалиар орж ирсэн тамхины хэмжээ төрөл бүртээ асар ихээр нэмэгджээ.

УИХ-аар энэ хуулийг батлахгүй эс үйлдэхүй гаргах тусам тамхины компаниуд ашиг хийж нөөцлөөд байсан нь үнэн юм. УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Төр бензинээ нөөцөлж чаддаггүй бол тамхины компаниуд тамхиа айхтар нөөцөлж авлаа. Хуулиа батлаад татвараа авмаар байна шүү дээ. Яагаад өөрсдөө мөнгөө олох боломжоо хаяад байгаа юм. Тамхины компаниудын лобби ямар айхтар байна аа" гэж чуулганы танхимд гайхаж байсан нь үнэний ортой билээ.

Энэ хуулийг батлуулахгүй маш их цаг авч, өөрсдөө тамхиа хил гаалиар хахтал оруулж ирлээ. Уг хуулийн санаачлагч О.Номинчимэгийг аль нэг талын тамхины эрх ашигт үйлчилдэг мэт гүтгэж ч үзсэн. Хуулийн төсөл нь олон нийтэд хүрээд, бүх төрлийн тамхины татварыг нэмж, хариуцлагыг чангатгаж байгаа нь тодорхой болоод ирмэгц батлуулахгүй хугацаа авах арга руу тамхины компанийнхан шилжсэн билээ. Удаан хүлээсэн энэ хуулийг батлах тов энэ долоо хоногт гарлаа. Эрхбиш энэ удаа батлах биз ээ.