
Монголчууд хонины ээлжтэй өдрийг хишиг өдөр гэж нэрлэдэг. Улс оронд олны анхаарлыг татаж, бухимдлыг төрүүлсэн асуудал гарахад салбар яам гэнэт ухаан орж эхэлнэ. Хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийх гээд хэдэн ажилчдаа сандаргаж, хийгээгүй ажлын тайлан, өчнөөн жилийн өмнөх тоогоо нэхнэ.
Хишиг өдөр 1: ХХААХҮ-ийн яам
Өнгөрсөн долоо хоногт Арвас үүлдрийн ухна годрон өвчин тарааж, хэрэг тарьснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “хишиг өдөр”-тэй байв. Ямартай ч яамны зүгээс годронгийн вакциныг үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбумын төсвийг шийдээд авлаа. Гэвч халдварын эх үүсвэрийн талаар сураг ажиг алга.
Хишиг өдөр 2: БОУАӨ-ийн яам
Годронгийн сенсацыг баавгай нам дарав. Баавгай айлын гэр рүү дайрч, нэг иргэний амь насыг хохироосон аймшигт хэрэг иргэдийг цочроосон юм. Долоодугаар сараас хойш баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Гэвч ямар ч бэлтгэлгүй байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дараагийн “хишиг өдөр”-ийн эзэн болов. Засгийн газраас 1 тэрбум 88 сая төгрөгийг унтуулгын буу, тор гэх мэт арга хэмжээнд зарцуулахаар болсон. Одоо ч баавгай суурьшлын бүсэд орж ирэх эрсдэлтэй тул иргэд түгшүүртэй хэвээр байна.
Хишиг өдөр 3: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
БНХАУ-ын иргэн Amber Yuhan Монгол Улсыг төлөөлөн олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцож байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан. Мисс Х.Бадамгэрэл энэ талаар шүгэл үлээж, салбарын сайд Ж.Алдаржавхлантай уулзсан юм. Яамны зүгээс холбогдох хүмүүст албан бичиг илгээсэн ч хариу хүлээсээр байтал тэмцээн нь дуусжээ. Мисс Х.Бадамгэрэл асуудлаа шийдэж чадахгүй бол салбарын сайд огцрох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд амжив.
Хишиг өдөр 4: АҮЭБЯ
Аравдугаар сарын 12-ноос АИ-92 шатахууны үнэ 550-560 төгрөгөөр нэмэгдэж, оочир дараалалд бухимдсан иргэдийн цухлыг улам бадрааж орхилоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас аравдугаар сард байдал тогтворжино гэж байсан ч тэгсэнгүй. Харин өнөөдрийн мэдээлэлдээ ирэх саруудад доголдол үүсэх магадлалтай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Энэ янзаараа АҮЭБЯ-ны “хишиг өдөр” ойр ойрхон тохиох шинжтэй.
Энэ мэтчилэн аливаа асуудал бүрэн шийдэгдэхгүй дараагийнхдаа дарагдсаар байна. Хүмүүс өөр хэрэгт анхаарч эхлэхийн цагт яамны “хишиг өдөр” дуусаж хэсэгтээ санаа амардаг гэлтэй.
