

Иргэд шатахуун авахаар олон цагаар хүлээдэг нь хэвийн үзэгдэл мэт болжээ.
Өнгөрсөн жилийн мөн үед АИ-92 автобензиний үнэ литр нь 2,500 – 2,700 орчим төгрөг байв. Харин өнөөдөр АИ-92 шатахууны үнэ 3600 төгрөг болж мөн үеэс 1000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд Орос, Украйны дайны нөхцөл байдал чухал нөлөөтэй ч, шатахууны үнийн өсөлтийг дагаж, өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдэж байна.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Шатахуун олж ирэхээр бүх чадлаараа хичээж байна. Би огцроод нөхцөл байдал сайжирвал ажлаа өгөхөд бэлэн” гэдгээ илэрхийлсээр байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамирыг АҮЭБ-ын дэд сайдаар шилжүүлэн томилж, шатахууны асуудлыг хариуцуулсан.
“Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэгчээр Г.Дамдинням сайд “Манай дэд сайд шатахууны асуудлаа хариуцна. Шатахуунтай холбоотой асуудлаа Б.Мөнхтамираас асуу. Би бодлогын асуудлаа л хариуцна” гээд хээв нэг зогсож байна.
Ямартай ч үнийн өсөлт, дэлхийн зах зээл дээрх хямрал, шатахууны хомсдолын зовлон одоо Б.Мөнхтамирт шилжсэн.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир “Энэ сард ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сараас тонн тутамд 190 ам.доллароор нэмэгдсэнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 500-550 төгрөгөөр өсөөд байна. Харин Монополын эсрэг газар ШТС-уудад шатахууны үнийг үндэслэлгүй нэмэгдүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана” гэв.
Сайдын сандал суудал нь ганхаж байгаа энэ үед Дэд сайд томилсон нь Г.Дамдиннямын нурууг тэнийлгэж байгаа бололтой.
