
Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд Мобиком Корпорацийн машин шатсаны улмаас гал алдаж, Нөмрөгийн дархан цаазат газар нутгийн 7000 гаруй км2 талбай түймэрт өртөөд байна. Өнөөдрийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд зургаа дахь өдрөө бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
Нөмрөгийн дархан цаазат газрын 80:90 км орчим талбай түймэрт өртсөний улмаас тухайн газар нутгийн ховор ургамал, ан амьтад сүйджээ.
Гэтэл Мобиком Корпораци болон Хил хамгаалах ерөнхий газар холбогдох албан тушаалтнуудаа өмгөөлсөн агуулга бүхий мэдэгдэл гаргав.
Мобиком корпораци албан ёсны мэдэгдэлдээ “ Дорнод аймгийн Халхгол суманд ажиллах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.
Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно.
Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнд хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Хил хамгаалах ерөнхий газар: Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна.
Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нар 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх арга хэмжээний нээлтэд оролцоод Дорнод аймаг, Халхгол сум руу буцсан бөгөөд хээрийн түймэр гарах үед тухайн газар оронд байгаагүй болно”
Мобиком Корпорацийн ажилчид гал алдчихаад буцах үеэр Тусгай хамгаалагчийн шаардлагыг биелүүлэлгүй “Та нарт хамаагүй” гэж хэлээд явсан талаар салбарын сайд Ц.Сандаг-Очир мэдээлсэн юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Мобиком Корпорацийн ажилчид дархан цаазат газарт нэвтрэхдээ хамгаалалтын захиргаанаас нэвтрэх зөвшөөрөл аваагүй, төлбөр төлөөгүй гэж мэдээллээ. Хилийн цэргийн зөвшөөрөлтэй байсан ч заавал яаманд мэдэгдэж, хамгаалалтын захиргаанд бүртгэл хураамжаа төлөх ёстой байдаг аж.
Аймгийн шуурхай штаб хуралдах үеэр Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл "Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн. Түймрийг унтраасан ч дараагийн асуудлууд эхэлнэ. Онцгой байдал, цагдаагийн байгууллага хамтран шалгаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Дорнод аймгийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол энэ. Байгалийн онгон дагшин газар ийм хэмжээний хохирол амссан байхад хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой" гэв.
Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар Япон улсын иргэн Ясүхиро Очи ажилладаг. Дархан цаазат газрыг үнсэн нурам болгочхоод ядаж Япон соёлоор бөхийж болсонгүй юу?
Хурандаагийн зөвшөөрөлтэй гэж "даналзан" тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй нэвтэрч, 7200 км2 талбайг үнсэн нурам болгосон хариуцлагыг хэн хүлээх вэ?
