М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
2026.10.14 11:40
562
Н.Алтанцэцэг: Дүү маань цуг байсан хүнээ хамгаалаад өөрөө нас барсан

Аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө БЗД-ийн 35-р хороо Улиастайн Бурхантын ам гэх газар баавгай айлын гэр рүү дайрсны улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм. Баавгайн халдлагад өртсөн талийгаачийн нагац эгч Н.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Та тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар мэдээлэл авсан уу?

-Амьд үлдсэн эмэгтэй хөршийнхөө хүнд ярьсныг сонссон. Хоёулаа байсан болохоор эр хүн юм чинь мэдээж цуг байгаа эмэгтэй хүнээ хамгаална шүү дээ. “Чи зугтаарай” гэж хэлээд өөрөө баавгайтайгаа ноцолдоод үлдсэн юм байна лээ. Нэлээн л амь тэмцсэн байх. Нэг нь ч гэсэн амьд үлдсэн нь яамай. Монголчууд хүний амийг юман чинээ бодохгүй, баавгайд бариулчхаад байхад бараг баавгайгаа хайрлах гээд байх юм.

-Байгаль орчны яамнаас та хэдтэй холбогдсон уу?

-Энэ хүн самар, жимс түүж яваад баавгайд бариулаагүй. Ядарсан ч гэсэн айлд тус нэмэр болоод өөрийгөө болгоод явдаг хэнд ч хоргүй хүн байсан. Байгаль орчны яамнаас утсаар ч болов эмгэнэл илэрхийлэх болов уу гэж их хүлээсэн. Гэвч тэгээгүй. Хүн үхэж л байдаг гээд тоохоо байчихсан юм байна.

-Цахим орчин дахь янз бүрийн худал мэдээлэлд тайлбар өгнө үү

-Хүн хүндээ үнэхээр хайргүй болсон байна. Цогцос нь хэдэн хэсэг тасарсан, гэмт хэрэгтэн гэх мэтчилэн худал ташаа мэдээлэл их явж байна лээ. Би бүр цагдаа дээр очиж ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь асуусан. Юу ч байгаагүй. Гэтэл энэ хүн үхсэн ч гарзгүй, ах дүү хамаатан садангүй, бараг оргож бусгаж явсан хүн гэж ярьсан. Монгол хүн яагаад бие биедээ ийм хайргүй болчихсон юм. Монгол хүний амь чихрийн цааснаас үнэгүй болчихсон юм уу. Яагаад төр засаг иргэдээ хамгаалж чаддаггүй юм бэ?

Цогцос гурав тасарсан гэдэг мэдээлэл худлаа юм уу?

-Маш худал ташаа  мэдээлэл. Бид нар ч бас тэрийг сонсоод авах шарил байгаа юм болов уу даа гэж бодсон. Араатан амьтанд бариулсан учраас зохих ёсны гэмтэл, шарх байсан. Гэхдээ арай ч тэгэж тасраагүй.

Ярилцлага үзэх: