

Шадар сайд Н.Номтойбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр, Онцгой байдлын байгууллагад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн асуудал болон баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газрын 80 гаруй хувь нь шатсан бөгөөд хохирлын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллага тогтооно гэв. Мөн түймрийн улмаас ан амьтан хорогдсон хохирлыг үнэлэх шаардлагатайг онцоллоо.
Тэрээр гал түймрийг унтраахаар маш олон хүн ажиллаж байна. Хүн хүч, хоолны зардал маш их гарч байгаа. Ан амьтан шатаж үрэгдсэн, тэр болгон үнэлэгдэнэ. Онцгой байдлынхан бүгд ажиллаж байна. Би өөрөө тэр бүсийг найман жил төлөөлж байсан. Дархан цаазат газар руу УИХ-ын гишүүн байсан ч холбогдох байгууллагад мэдэгдэж байж ордог.
Нөмрөгийн хэсэг рүү шилэн кабель тавих шаардлагагүй. Хилийн заставыг интернетээр хангах шаардлагагүй. Хоосон уучлалт гуйгаад хэрэггүй, нөхөн олговор олгох хэрэгтэй.
Ажил авснаас хойш Онцгой байдлын хүрээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн мастер төлөвлөгөөг гаргасан. Урьдчилсан байдлаар 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Ирэх жилийн улсын төсөвт зарим хэсэг нь тавигдана. Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 100 сая ам.долларын зээлийн гэрээг 10 хоногийн өмнө байгуулсан. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна.
Баавгайтай холбоотой асуудлын тухайд мэргэжлийн анчдын ёс зүй, сахилга бат алдагдсан. Гар нь загатнасан, буу барьсан хүмүүс өөрсдийгөө анчин гэж нэрлэж байна. Сум, аймгийн удирдлагуудад суурьшлын бүсээ тогтоохыг хэлсэн. Тэр бүсэд орж ирж, аюул учруулж болзошгүй амьтны асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна.
Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шалгалт өгч, тогтоосон бүсэд аюулгүй байдлыг хангах ажилд оролцож болно. Харин урьдчилан сэргийлэх нэрээр өөрсдөө хил зөрчиж, ан хийж болохгүй.
Мал тооллогын хажуугаар ан амьтнаа тоолох санал хүргүүлсэн. Үүнийг тоолох нь аюултай. Амиа алдсан хүний ар гэрт нөхөн төлбөр олгоно. Засгийн газрын шийдвэрийн дагуу томилолттой байсан учраас Ц.Сандаг-Очир дарга мэдээлэл өгч чадаагүй. Тэр үеэр буруу, зөрүү мэдээлэл хүргүүлсэн байна. Хэвлэлээр хэлснээр ажил хийгддэггүй. Хуулийн дагуу хийнэ гэсээр хугацаа алдаад байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Засаг дарга баавгайн асуудлыг ярихад шоолж байсан. Энэ бол тоглоом биш. Харамсалтай үйл явдал болохоос өмнө нийгэмд тоглоом, тохуурхал мэт ойлголт төрүүлээд байна гэлээ.
