Нийгэм
2 цагийн дараа
362
Хөдөлмөрийн мөлжлөг: Улаанбаатарт хүний анхан шатны хэрэгцээ хүртэл үгүйсгэгдэж байна уу?

Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн дэвшлүүд хурдтайгаар хөгжиж буй өнөө цагт Монгол Улсад технологийн болон шинжлэх ухааны шинэ нээлтүүд бус, хэрхэн амьд үлдэх, суурь хэрэгцээгээ яаж хангах шинэ арга чарга иргэдийн дунд хамгийн чухал "нээлт" байх болжээ.

1943 онд Америкийн алдарт сэтгэл судлаач Абрахам Маслоу боловсруулсан "Хэрэгцээний шатлалын онол"-оо дэлхийн соёл иргэншилд өвлүүлэн үлдээсэн билээ. Өдгөө хүртэл ЕБС-ийн Нийгмийн ухааны сурах бичигт энэхүү онол дурайтал бичээстэй байна. Гэвч бидний өдөр тутмын нийгмийн дүрэмд харшилж эхэлснийг Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээл бэлхнээ харуулна.

Энэхүү суурь хэрэгцээ хангагдсаны дараа хүн аюулгүй байдал, нийгмийн харилцаа, өөрийгөө хүндэтгэх болон өөрийгөө хөгжүүлэх дээд шатлал руу тэмүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотын иргэн Маслоугийн энэхүү хамгийн энгийн болоод анхан шатны хэрэгцээгээ ч бүрэн хангаж чадахгүйд хүрээд байгаа нь юутай уйтай.

Улаанбаатар хот гэх өндөр барилгуудын ширэнгэн ойн сүүдэрт хөдөлмөрийн асар хүнд хэлбэрийн мөлжлөг нуугдсаар байна. Барилга, үйлчилгээний салбар, томоохон зах, худалдааны төвүүд, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэдийн хувьд дээрх "Физиологийн хэрэгцээ" дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан 15 настай Х.О: “*** гэх сүлжээ дэлгүүрт зуны 3 сарын турш эцэг эхийн зөвшөөрөлтэй ажилладаг байсан. 7 хоногийн 3 өдөр шөнийн ээлжинд, 2 удаа өдрийн ээлжинд нийт 40 цаг ажиллуулах боломжтой хэмээсэн ба мөнгөний хэрэгцээний улмаас ажилласан." Гэтэл Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2 дахь хэсэг болон 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүний  долоо хоногийн ажлын цагийг 30 цагаас илүүгүй байхаар хуульчилсан байдаг.

Хоолны салбарт ажилладаг байсан 18 настай н.М: “Ачааллын дундуур бие засуулахгүй гэсэндээ ус уулгадаггүй байсан, ажлын талбар дээр суух хориотой тул сандал байдаггүй ба 15 цагийн турш зогсоогоороо ажиллаж, тавиур түшин хэдхэн секунд амрах тохиолдол их байсан.”

Яагаад иргэд ийм нөхцөлийг тэвчиж ажиллахаас өөр сонголтгүйд хүрнэ вэ? Үүний цаана ядуурал, өр зээлийн дарамт, ажилгүйдэл, хууль ба эрх зүйн мэдлэг дутмаг байдал оршсоор байгаа нь энд хүргээд байна. Цалинг нь олгохгүй гэж заналхийлэх, ажлаас хална гэж айлгах сэтгэл зүйн дарамт нь иргэдийг бүрэн хараат байдалд оруулдаг.

Маслоугийн онолоор хүний анхан шатны хэрэгцээ хангагдаж байж тухайн нийгэм хөгжиж, иргэд нь бүтээлч болдог. Гэтэл манай нийгэмд иргэд нь ердөө л "хоёр идэхгүй, хоосон хонохгүй" гэгчээр физиологийн хэрэгцээнийхээ төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсаар байна. Хөдөлмөрийн хяналтыг чангаруулах болон далд эдийн засаг ба гэрээгүй ажил эрхлэлтийг таслан зогсоохгүй л бол бидний хойч үеийн сурах бичигт заадаг хэрэгцээний шатлалын онол "хаалттай онол" болоход тунчиг ойрхон байна.

Нийтлэл бичсэн: Ч.Амирлин