Нийгэм
2 цагийн дараа
322
24 настай гурван хүүгийн ээж М.Адъяасүрэн зам дагуу өөрийн ресторанаа ажиллуулж байна

24 настай гурван хүүгийн ээж М.Адъяасүрэн хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ "Зам дагуу ээж" ресторанаа ажиллуулж байна. Тэрбээр ресторанаа хүмүүст таниулахын тулд гурван хүүхэдтэй залуу ээжийн амьдралаа контентоор хуваалцсан олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Ажил, ээж хүний үүрэг хариуцлагын дунд өөрийн замаа бүтээж яваа залуу ээрийн яриаг хүргэж байна. 

Би 24 настай, гурван хүүгийн ээж. Одоогоор гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар “Зам дагуу ээж” ресторанаа ажиллуулж байна. Анх манай удамд эмч байгаагүй гэдэг шалтгаанаар АШУҮИС-ийн эмчийн ангид элсэж байсан. Гэхдээ суралцах хугацаандаа энэ мэргэжил миний хүсэл мөрөөдлийн мэргэжил биш юм байна гэдгийг ойлгосон. Одоогоор сургуулиасаа чөлөө авсан байгаа. 

 “Зам дагуу ээж” ресторанаа хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ?

2026 оны эхээр рестораныхаа засварыг хийж эхлээд, зургаадугаар сараас буфет хоолны ресторан ажиллуулж байна. Анх зам дагуу захиалгат хоол, цайны газар олон байсан. Хүмүүс хүссэн хоолоо авахын тулд их оочерлодог байсан учраас тэр хавьд байхгүй үйлчилгээг нэвтрүүлж, буфет хоолны ресторан нээж ажиллуулж эхэлсэн. Одонтой ээж гэх мэт нэртэй газрууд байсан. Тиймээс хүмүүс сонсоод “Ямар сонин нэр вэ?” гэж бодож, анхаарлыг нь татах болов уу гээд өгсөн. Тэгээд л “Зам дагуу ээж” гэдэг нэрийг өгсөн. Ресторанаа хүмүүст таниулахын тулд 24 настай, гурван хүүтэй ээж гэдгээрээ контент хийж эхэлсэн. Гэтэл контент маань маш олон хүнд хүрч, хүмүүсээс гоё, эерэг сэтгэгдэл, дэмжлэг авсан.

Гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар ресторан ажиллуулахад хамгийн хэцүү зүйл нь юу байна вэ?

Ресторан хүн дүүрэн байхад хүүхдүүд маань орж ирээд “Ээж ээ, ээж ээ” гээд орилж, хашхираад, энэ тэрийг авъя гээд л байдаг. Дөрөв, хоёр настай, хамгийн бага нь долоон сартай болохоор үймүүлэх нас нь шүү дээ. Үйлчлүүлэгчид маань хоолоо тухтай идэж суухыг хүснэ. Зарим хүн хүүхдүүд их шуугилдлаа гээд гараад явах тохиолдол ч байдаг. Бага хүүгээ долоон сартай байхад нь 75 настай эмээдээ түр үлдээгээд ажлаа хийдэг байсан. Тэгээд буцаж ирээд хөхүүлнэ. Ажил, хүүхэд хоёроо зэрэг амжуулах гэж л явж байна даа. 

Хүүхдүүд маань ээжтэйгээ байх ёстой үед нь хамт байж чадахгүй байна гэж бодогдоно. Нөгөө талаас хүүхдүүдээ хараад гэртээ зүгээр суухаар ямар нэг зүйл хийж, өөрийн гэсэн ажилтай байх ёстой юм шиг санагддаг. Энэ хоёр бодол маань заримдаа хоорондоо зөрчилддөг. Залуу ээж учраас заримдаа яах учраа олохгүй үе ч байна.

Гэхдээ л өөрийнхөө хийж байгаа ажлыг урагшлуулахыг хичээж явна.

Хүмүүс маш олон янзын зөвлөгөө өгдөг. Тэр дундаас хэрэгтэйг нь аваад, тохирохгүйг нь авахгүй л явдаг. Ер нь хүүхдээ өсгөж байгаа ээжүүдэд бусдын зөвлөгөө заримдаа их ядаргаатай санагддаг байх. Орж ирсэн хүн бүр л “Одоо ингээрэй, тэгж болохгүй” гэнэ. Хүүхдээ жаахан нимгэн хувцаслачихвал нэг нь дааруулчихлаа гэдэг, нөгөө нь зузаан хувцаслаач гэдэг. Хүмүүсийн зөвлөгөө хүртэл хоорондоо зөрчилддөг шүү дээ. Тэр бүр хүүхдэд тохирохгүй ч байж болно.

Миний бодлоор ээж бүр хүүхдээ өсгөх өөрийн гэсэн зөн совинтой. Тиймээс ээжүүдэд хэлэхэд, хүүхэд чинь есөн сарын турш чиний дотор байсан юм чинь яаж хайрлаж, халамжлахаа чи өөрөө мэднэ. Өөртөө итгээрэй гэж хэлмээр байна.

“Зам дагуу ээж” рестораныхаа үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх бодолтой байгаа. Мөн замд явж байгаа жолооч нар алжаалаа тайлаад амарч, халуун усанд орж, саунд суух боломжтой газар байгуулахаар төлөвлөж байна. Энэ зорилгынхоо төлөө ажиллаад л явж байна даа.