
ОХУ шөнийн цагаар Украинд пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас хүний амь эрсдэж, улсын хэмжээнд дор хаяж 600 мянган иргэн цахилгаангүй болсон талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдлээ.
Түүний хэлснээр, нийслэл Киев болон түүний ойр орчмын бүс нутаг, мөн зүүн хойд хэсгийн Харьков хотын эрчим хүчний чухал дэд бүтцүүд халдлагад өртжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Орос, Украины хооронд эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсэн хэмээн мэдэгдсэний дараа болсон үйл явдал юм.
Украины Онцгой байдлын улсын алба (DSNS)-ны мэдээлснээр, Киев хотод халдлагын улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шөнийн турш явуулсан өргөн хүрээний цохилтууд нь Киев болон Харьков мужид Украины зэвсэгт хүчний ашиглаж буй харилцаа холбоо, эрчим хүчний байгууламжуудыг онилсон гэж мэдэгдсэн байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, ОХУ шөнийн турш 39 баллистик болон далавчит пуужин, 128 нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсноос дөрвөн пуужин, 115 нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг амжилттай устгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт нийгмийн сүлжээндээ “Орос, Украины дайны хүрээнд эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байх гал зогсоох тохиролцоо яг одооноос хэрэгжиж эхэллээ. Хоёр тал үүнийг зөвшөөрсөн. Тохиролцоог бүү зөрч!” хэмээн бичжээ.
Үүнээс хойш Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ, Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоовол Украин ч мөн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний бусад байгууламжид цохилт өгөхөө зогсооход бэлэн байгааг удаа дараа илэрхийлсэн байна.
Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоосноор бий болох түр завсарлагыг Украин эдлэх эрхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр гал зогсоох аливаа тохиролцооны хугацаанд Европын орнууд Украинд шинээр зэвсэг нийлүүлж, дайныг үргэлжлүүлэх боломжийг нь бүрдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Украин руу бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхлүүлсэн бөгөөд
одоогоор Оросын тал Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтдаа аваад байна.
Эх сурвалж: BBC
