

"Хэро интертайнмент"-ын найруулагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан, цагдан хориог цуцалжээ.
Өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал болсон байна.
Тодруулбал, Яллагдагчийн өмгөөлөгч нараас Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад дараах шийдвэрийг гаргасан.
Яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 10 сарын 14-ны өдрөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
