
Ирэх онд Монгол Улс Оюу толгойгоос 3 их наядын ногдол ашиг авна. Энэ нь нэг удаагийнх биш бөгөөд жил бүр тогтмолжуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдээлсэн. Ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн дунд цахим санал асуулгыг эхлүүлээд байна.
Өөрөөр хэлбэл иргэд 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын сан дахь өөрийн нэрийн дансанд хадгалах боломжтой. Харин засгийн газрын зүгээс 2 их наядаар нь төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх саналыг гаргаад байна гэсэн үг.
Тэгэхээр энэ санал асуулгаар ногдол ашгийг бэлнээр авах эсэхийг шийдэхгүй. Харин иргэд өөрийн хуримтлалын дансанд хадгалах уу эсвэл засгийн газрын ажлыг санхүүжүүлэх үү гэдэг сонголтыг хийх юм.
Иргэдийн зүгээс ногдол ашгаа бэлнээр хүсэлтэй байгаа бол засгийн газар энэ мөнгийг хэрхэн зарцуулахаа хэдийн төлөвлөжээ.
1 их наядыг нь үндэсний баялгийн сан дахь иргэдийн дансанд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядаас
-Эрчим хүчний салбарт 789.8 тэрбум
-Хөдөө аж ахуйн салбарт 82.2 тэрбум
-Боловсролын салбарт 572.7 тэрбум
-Зам тээврийн салбарт 170.8 тэрбумыг зарцуулахаар 2027 оны төвсийг өргөн мэдүүлээд байна.
Яагаад бэлнээр авч болохгүй вэ?
Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулагдана.
-Нэгдүгээрт, мөнгийг бэлнээр тараах зориулалтгүй. Хуримтлалын сангийн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээг дэмжих юм. Хуулиар ногдол ашгийг иргэн бүрийн хувийн банкны дансанд шууд шилжүүлж, хүссэнээрээ зарцуулах зохицуулалт хийгдээгүй.
-Хоёрдугаарт, иргэн бүрийн мөнгийг хуримтлал хэлбэрээр бүртгэдэг. Таны нэр дээр мөнгө бүртгэгдэнэ гэдэг нь тэр мөнгийг өнөөдөр бэлнээр авч болно гэсэн үг биш.
-Гуравдугаарт, ашиглах хугацаа, зориулалт нь хязгаартай. Үндэсний баялгийн сангийн албан ёсны мэдээллээр нэрийн дансны хуримтлалыг 2030 оноос эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах юм.
Одоогоор “Чингис хаан” үндэсний баялгийн сан дахь иргэний дансанд 306.1 мянган төгрөгийн хуримтлал бий болсон байна.
Аравдугаар сарын 28-ны 22 цаг хүртэл E-Mongolia цахим системээр дамжуулан санал асуулгад оролцох боломжтой.
Холбоос: ОЮУ ТОЛГОЙН ногдол ашигтай холбоотой санал асуулга | E-ZASAG.MN | E-ZASAG.MN
