2012 оны дөрөвдүгээр сард 22 настай Г гэх эмэгтэй шүүх хуралд оролцохоор явж байхдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр гэр бүлийн хүчирхийллийн талаар шүүх, цагдаагийн байгууллагад хандсан ч амь насаа хамгаалуулах арга хэмжээ авч чадаагүй. Үүнээс хойш ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд амь насаа алдах ноцтой хэргүүд гарсаар байна.
2025 оны зургадугаар сард “Gem Mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг нийгмийг цочирдуулсан. Эдгээр нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, эрсдэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авах тогтолцоо ямар чухал болохыг харуулсан. Өмнө нь гэрлэлт цуцлуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор шүүх гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болдог байсан.
Гэр бүлийн харилцаанд хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд заавал эвлэрүүлэх, тодорхой хугацаа хүлээлгэх нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр баталсан бөгөөд гэрлэлт цуцлах ажиллагаанд эвлэрүүлэн зуучлахтай холбоотой зохицуулалтыг шинэчилжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөх боловч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэр бүл салалтын хуулийг энэ оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэнэ.
Шинэ зохицуулалтаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учрах эрсдэлтэй нь тогтоогдсон тохиолдолд гэрлэлтийг шуурхай цуцлах боломж бүрдэж байна. Мөн гэрлэгчид харилцан зөвшөөрсөн, эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй хүүхэдгүй бол 30 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулах боломжтой байхаар тусгажээ.
Түүнчлэн гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид бие биедээ хүчирхийлэл үйлдэхгүй байх үүргийг тодорхой заасан байна.