
Монгол Улсын ууган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг “Сүү” ХК дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий SUU 2.0 шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
1958 оноос эхтэй үндэсний үйлдвэрлэгчийн хувьд энэхүү бүтээн байгуулалт нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхээс гадна бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн үр ашгийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд:

SUU 2.0 төслийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон “Атрын IV аян”-ы хүрээнд хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулалтыг хийжээ. Төслийн хүрээнд 58 тэрбум 193.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд 2023 оноос хойш уг санхүүжилтээс 30 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа аж.
“Хүнсний хувьсгал” нь дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өргөжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих нь үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлд бодит хөрөнгө оруулалт болж байгааг SUU 2.0 төслийн үр дүн харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох үндэсний үйлдвэрүүд олноороо нэмэгдэж, улс эх орны хүнсний аюулгүй байдлын дархлаа болж, үйл ажиллагаа, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаад талархууштай байгаагаа илэрхийллээ.

Нийт 2,590 метр квадрат талбай бүхий SUU 2.0 үйлдвэрт түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг олон улсын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Асептик үйлдвэрлэлийн шугам, төвлөрсөн MCC удирдлагын болон автомат CIP угаалгын систем зэрэг технологийн шийдэл нь үйлдвэрлэлийн шат бүрд хяналт тавих, ариун цэврийн шаардлагыг хангах, бүтээгдэхүүний чанарыг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлж байна.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор “Сүү” ХК-ийн хоногт боловсруулах сүүний хэмжээ 200 тонноос 400 тонн болж, үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. Ингэснээр тараг, йогурт, ислэг зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, дотоодын зах зээлийн хэрэгцээг тогтвортой хангах боломж нэмэгдэж байна.











“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга төрөөс үйлдвэрлэгчдийг зөв бодлогоор дэмжих нь ард иргэд, улс орны хөгжилд бодит үр өгөөжөө өгдөг гэдгийг онцолж, “Хүнсний хувьсгал” зэрэг бодлогын хөтөлбөрийн дэмжлэгээр үйлдвэрийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлснийг тэмдэглэлээ.

Ийнхүү олон арван жилийн туршлагаа орчин үеийн технологитой хослуулсан “Сүү” ХК-ийн шинэ үйлдвэр нь үндэсний хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал алхам болж байна. “Эрүүл монгол хүний төлөө” уриатай тус компанийн SUU 2.0 төсөл нь дотоодын сүүний нөөц, үйлдвэрлэл, боловсруулалтын чадавхыг нэмэгдүүлж, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.





