Нийгэм
2026.10.16 09:39
453
Нийтийн тээвэрт нэгнээ "үнсэх" шахам чихэлдэнэ

Саарал Улаанбаатарт өвөл айлчлан хүмүүс ажил, хичээлдээ яаран гарах үеэр бага зэргийн нойтон цас орлоо. Цас шөнөдөө эсвэл эртхэн орсон бол хүмүүс замын нөхцөлөө тооцоолж, арай эрт гарах боломжтой байв. Гэвч Улаанбаатарын түгжрэлд хэдий эрт гарсан ч ажил, хичээлдээ цагтаа амжиж очих эсэх нь эргэлзээтэй. Улаанбаатарын замын түгжрэл өөрөө нэг асуудал.

Харин нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хувьд түгжрэл дээр нэмээд автобусны багтаамж, хүлээлт, чихэлдээн гээд өөр нэг зовлон бий. Өглөө бүр ажил, хичээлдээ явахын тулд нийтийн тээврээр зорчдог иргэд хувийн автомашинаар зорчигчдоос цөөнгүй. Гэсэн ч автобусанд суухын тулд өглөө бүр шахцалдан нэгэндээ нуруу мөрөө нааж, яг л "лего тоглоом" шиг эвлүүлж багтахыг хичээнэ. Зарим нь бүр автобусанд багталгүй, дараагийнхыг нь хүлээн үлддэг.

Нэг автобус 30 орчим суудалтай. Зорчигчид болон зогсоогоор зорчих хүмүүсийг тооцсон тодорхой багтаамж бий. Гэвч өглөө, оройн оргил цагаар энэ тоо бодит байдал дээр мартагдана. “Хойшоо зай байвал шахаад яваарай”, “Хойшоо яваарай” гэх жолоочийн үг автобус бүрээс сонсогдоно. Ингээд л хүмүүс нэгнийхээ амьсгалыг мэдрэх шахам, уруулаа нийлүүлэх нь холгүй чихэлдэн зорчдог.

Түгжрэлийг бууруулна, шатахууны хомсдолтой нүүр тулж байна гэж ярьж байгаа энэ үед иргэдийг машинаа орхиод нийтийн тээврээр зорчихыг уриалж болно. Гэхдээ нийтийн тээвэр нь өөрөө хүртээмжтэй, тав тухтай, найдвартай байх ёстой биш гэж үү?

Өдрийн турш зорчигч багатай автобуснууд явж байхад өглөө, оройн ажил эхлэх, тарах үеэр автобус удаан хүлээлгэж, ирсэн нэгэнд нь ч багтах зай олдохгүй байна.

Иргэдийг машинаа орхи гэж шаардахаас өмнө нийтийн тээврээр зорчих нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Харин өглөө бүр автобусны хаалгаар багтах гэж зүтгэж, ажилдаа хоцрохгүй байхыг хичээж буй иргэдийн хувьд асуудал өнөөдөр ч хэвээрээ.