Засгийн газар
2026.10.16 11:42
486
М.Энхцэцэг: Хүн намын хуйвалдаан дулаан хангамжийн тухай хуулийг унагалаа

Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед бүх гишүүн дэмжиж ажиллаж байсан ч эцсийн мөчид ХҮН намынхан хуйвалдаан зохион байгуулж, хуулийг унагасан талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл өглөө.

Өнөөдөр олон газар дулаан хангамжийн асуудлаа шийдэж чадахгүй, дулааны шугам сүлжээнд холбогдох нь тэнгэрийн умдаг атгахтай адил болсон. Дулааны алдагдал өндөр, аймгуудын дулаан хангамж ч хангалтгүй байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зургаан сарын турш ажиллаж, 34 удаагийн хэлэлцүүлгээр 2,000 орчим хүнийг хамруулжээ. Мөн 159 дулаан хангамжийн байгууллагад хуулийн төслийг хүргүүлж, 800 гаруй санал хүлээн авсан.

Гэвч энэ сарын 14-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хууль батлагдсангүй. Хэрэв хууль батлагдсан бол дулаанаар хангагдаж чадахгүй байгаа олон мянган хэрэглэгчийг хувийн хэвшлийн оролцоотойгоор дулаанаар хангах, төрийн оролцоог бууруулах, дулааны шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломж бүрдэх байлаа.

Харамсалтай нь, салбарын хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төслийг унагалаа. Энэ нь дулаан хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн асуудалд анхаарах шаардлагатайг харуулж байна. Мөн зарим гишүүд ХҮН намын дарга Т.Доржханд, Л.Найдлаа нарын зүгээс хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалсан талаар ярьж байна.

Тэрээр Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулах гарын үсгийг өөрийн албан бланк дээр цуглуулна гэдгийг хэллээ.