

2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх нэмэгдэл, дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан нь батлагдлаа. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлэнэ. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой үлдэгдэл асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэдгийг хэллээ.
Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, соёл, спорт болон бусад үйлчилгээний ажилтнуудын цалинг 35-50 хувиар нэмэгдүүлэх боломжийг төсвийн тодотголоор бүрдүүлсэн гэв.
Төсвийн тодотголд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх асуудлыг тусгаж, өвлийн улиралд хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн эрчим хүчний салбарын засвар, үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдсэн байна.
Үүнээс гадна их, дээд сургуулийн оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлыг төсвийн тодотголд зарчмын зөрүүтэй санал тусган шийдвэрлэжээ.
