Улс төр
2026.10.16 13:36
1428
С.Эрдэнэбат: Ахмадын тэтгэврийг иргэн бүрд ялгаатай хэмжээгээр нэмэгдүүлнэ

2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зарим тэтгэмж болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмэгдэхээр боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр төсвийн тодотголын дийлэнх хэсэг нь тэтгэврийн нэмэгдэлд чиглэж байгааг онцоллоо. Суурь буюу баталгаат тэтгэврийн нэмэгдлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч хоёр сараар урагшлуулж, энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс олгохоор болсон байна. Тухайлбал, 30 жил ажилласан, 700 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэний тэтгэвэр 300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

Харин олон жил ажилласан ч өндөр дүнтэй тэтгэвэр авдаг иргэдийн нэмэгдэл харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур, олон жил хөдөлмөрлөсөн ахмадуудад илүү дэмжлэг үзүүлэх зарчмаар тэтгэврийг ялгаатай нэмэгдүүлнэ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэдэд олгодог дөрвөн төрлийн тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Уг нэмэгдлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор төлөвлөж байсан ч иргэдийн хүсэлт, гаргасан саналыг харгалзан хугацааг наашлуулсан байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр баталсан бол төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдлийг энэ удаагийн тодотголд тусгаж чадаагүй бөгөөд 2027 оны төсвийн хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр төлөвлөж байгааг С.Эрдэнэбат хэллээ.

Олон хүүхэд төрүүлсэн, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласны улмаас эрт тэтгэвэрт гарсан иргэдийн суурь тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн төсөл санаачлан өргөн барихаар ажиллаж байгаа аж.